Автомашины нийлүүлэлт буурч, үнэ өсжээ

Бид өвөлд зориулж дулаан, зун дөхөхөөр нимгэн, биед тохиромжтой хувцасладаг. Автомашины зах зээл үүнтэй адил улирлын шинжтэй. Аялал зугаалгын цаг эхлэхээр дунд, том оврын машины борлуулалт ихэсдэг бол бусад улиралд жижиг суудлын тэрэгний эрэлт өсөх хандлагатай байдаг. Одоогоор суудлын хайбрид машины “сезон” эхэлж буй. Тиймээс машины үнэ ханшийн өсөлт, бууралт хэр байгааг сурвалжлахаар “Авто худалдааны цогцолбор”-ыг зорилоо.

“Ковид-19”-өөс шалтгаалан автомашин үйлдвэрлэгч орнууд бүтээгдэхүүнийхээ тоог цөөлснөөр зах зээлд нийлүүлж буй машины тоо багасаж, хуучных нь эрэлт нэмэгджээ. Эрэлт, үнэ хоёр шууд хамааралтай хэдий ч өнөө жил автомашины зах зээл нийлүүлэлтийн хуулиар зохицуулагдаж байгаа аж. Зарим улс орон шинэ машин үйлдвэрлэлгүйгээр хуучнаа хэрэглэх уриалга гаргажээ. Үүнд Япон, АНУ-ыг жишээ татаж болох юм. Япончууд “Ковид-19”-ийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээнээс татгалзан, хувьдаа автомашинтай болохыг дэмжиж, татварын хөнгөлөлтийн бодлого хэрэгжүүлсэн аж. Тиймээс арлын орныхны хуучин машинаа зарах сонирхол буурсан байна. Үүнээс шалтгаалж үнэ “хөөрөгдөж” буй талаар зарим эх сурвалж дурдлаа.

Манай улсын хувьд бензин болон хосолсон хөдөлгүүртэй 1.5, 1.8, 3.0-аас дээш хөдөлгүүрийн багтаамжтай машиныг түлхүү хэрэглэдэг. Тодруулбал, 2019 оны эхний есөн сард 60 сая ам.доллар бүхий 8717 хайбрид машин оруулж ирсэн бол энэ оны эхний есөн сард 39 сая ам.долларын 5380 тээврийн хэрэгсэл импортолсон байна. Үүнээс үзэхэд, хайбрид машины импорт 40 хувиар буурчээ. Харин 3.0-аас дээш морины хүчтэй хөдөлгүүртэй машиныг өнгөрсөн оны 1-9 дүгээр сард 111 сая ам.долларын өртгөөр 2666-г, энэ оны эхний есөн сарын байдлаар 51 сая ам.долларын үнэ бүхий 1585-ыг импортолсон тухай Гаалийн ерөнхий газрын Статистикийн хэлтсийн тайланд дурдсан байв. Дээрх үзүүлэлтээс харвал, дунд болон их гарын жийпний хувьд импортын хэмжээ мөн адил 40 хувиар буурсан байна. Автомашины үнэд шууд нөлөөлдөг нэг зүйл нь валютын ханшийн өсөлт. Иен, ам.долларын ханш өсөхөөр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсдөгтэй адил автомашины ханш нэмэгддэг байна. Энэ талаар “Авто худалдааны цогцолбор”-ын ченжүүдээс лавлахад “Валютын ханшаа харахад л болно шүү дээ” гэж хариулав. Тэнд худалдан авагч тун цөөн байлаа. Харин автомашины худалдааг даган “цэцэглэж буй” банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийг сонирхох иргэд нэлээд харагдав. Автомашин сонирхож буй иргэн Б.Содгэрэл “Өвөл болохоор утаа, түгжрэл гээд асуудал их байдаг. Гэхдээ даарч, бээрч автобус хүлээхээс залхаж, 36 сарын хугацаанд 2.7 хувийн хүү төлөх автомашины лизинг сонирхож явна. Авна гэж тооцож байсан машины үнэ 300 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна” гэлээ.

Б.БАТМӨНХ: АЗ НЬ ТААРВАЛ ДОЛОО ХОНОГТ НЭГ “PRIUS-30” ХУДАЛДАЖ БАЙГАА

-Би Японоос оруулж ирсэн машин зардаг. Тус улсад машины үнэ өссөөр байгаа тул худалдан авахад хүндрэлтэй байна. “Ковид-19”-өөс шалтгаалж 2-6 дугаар сар хүртэл бид орлогогүй байсан. Харин улсын баяр наадмыг цомхон тэмдэглэж, хүмүүс орон нутаг руугаа явах хэрэгцээ үүсэж, дунд гарын болон том оврын машины борлуулалт өссөн. Мөн тэр үеэр ОХУ буруу буюу баруун гар талдаа жолооны хүрдтэй машин хэрэглэхийг зөвшөөрсөн учир дуудлага худалдаанд үнэ хаялцаж, өндөр үнээр авах боллоо. Дотооддоо зарж буй машины тоо буурч, нийлүүлэлт багасахаар үнэ нь өссөн. Гэхдээ одоогоор борлуулалт муу байна. Аз нь таарвал долоо хоногт нэг л машин зарж байгаа. Иргэд ихэвчлэн банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч машин худалдан авдаг. Бэлэн мөнгөөр худалдаж авдаг иргэд харьцангуй цөөрсөн.

Б.НАРАНБААТАР: ХАЙБРИД МАШИНУУД БОРЛУУЛАЛТТАЙ БАЙНА

-“Prius 20”, “Prius 30”, “Аqua 41” зэрэг автомашин бусад машинуудаас илүү борлуулалттай байна. Долоо хоногт дунджаар хоёр машин зарж буй. Нэг машинаас 500 000 төгрөгийн ашиг олдог. “Prius 30” 15-20 сая төгрөгийн хооронд бий. Өмнөх жил 13-18 сая байв. Харин дунд гарын жийп 22-75, өнгөрсөн онд 19-75, том оврынх 45-120, өмнөх жил 38-120 сая байлаа. Оросууд татвараа он дуустал 25 хувиар хөнгөлсөн юм билээ. Нэг талаасаа машины үнэ өссөн гэж хэлэх нь бас учир дутагдалтай. Учир нь 2018 онд машин одоогийнх шиг үнэтэй байв. Машины үнэ хоёр жилийн турш буурсаар одоо бага зэргээр дээшилж, хуучин үнэндээ хүрсэн. Жишээлбэл, 2018 оны зун “Prius 30” 18 сая 200 мянга байлаа. Одоо ч мөн л адилхан.

Бэлтгэсэн: У.Түвшинбаяр 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)