АВТОБУСНЫХАН ГҮЙЦЭТГЭЛИЙН МӨНГӨӨ НЭХЭЖ БАЙНА

Манай нийтийн тээврийн компаниуд үе үе ажил хаяж, хэл ам таталдаг. Харин энэ удаа тэд арай өөр аргаар тэмцэж эхлэв. Өнгөрсөн бямба, ням гаригт автобусууд нүүрэн талдаа лоозон хадаж, хөдөлгөөнд оролцлоо. Ингэхдээ “Нийслэлийн Засаг дарга аа, I улирлын зардлын санхүүжилтээ өгөөч ээ. Цалингаа тавья, өрөө өгье” хэмээн бичсэн байв. Жолооч нараас учрыг лавлахад “Бидний I улирлын гүйцэтгэлийн мөнгийг одоо болтол өгөөгүй.

Үүнээс болоод автобус компаниуд түлш шатахуунаа ч авч чадахгүй, өрөнд орчихоод байна. Шатахуун импортлогчид өрөө төлөхгүй бол нэмж түлш өгөхгүй гэсэн. Энэ байдлаараа бол удахгүй хүнд байдалд орох нь. Цалингаа ч авмаар байна” гэсэн юм. Энэ талаар нийслэлийн Тээврийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн Д.Болдоос тодруулахад “Амралтын өдрөөр автобуснууд уриа лоозон хадчихсан иргэдэд үйлчиллээ. Үүнийгээ Тээврийн газарт мэдэгдээгүй.

Бид нийтийн тээврийн компаниудын I улирлын гүйцэтгэлийг гаргаад өгчихсөн. Мөнгө нь Төрийн сангаас шилжиж ирээгүй байна. Тэрнээс биш биднээс шалтгаалсан зүйлгүй. Хувийн хэвшлийнхэн лоозон хадчихсан харагдана лээ. Даваа гаригт тодорхой болох байх. Төрийн сангаас мөнгө нь ороод ирвэл шууд шилжүүлнэ” гэлээ.

О.БАТ-УНДРАХ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)