Автобуснуудыг шалгаж эхэллээ

Нийтийн тээвэрт явуулж буй том оврын автобуснууд хэр их утаа ялгаруулж байгааг нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын авто тээврийн хяналтын улсын байцаагч, Техникийн хяналтын үзлэгийн төвийн инженерүүд болон Тээврийн цагдаагийн газрын алба хаагчид хамтран өчигдрөөс шалгаж эхлэв. Хяналтын баг одоогоор Офицеруудын ордон, Барилгын материалын завод, Таван шар, 32-ын тойрог гэсэн дөрвөн байршилд ажиллаж байна. Ингэхдээ явуулын оношилгооны тоног төхөөрөмжөөр автобуснууд хэр хортой утаа гаргаж байгааг болон техникийн бүрэн бүтэн байдлаа хангасан, эсэхийг шалгаж буй аж. Эл ажил ирэх арваннэгдүгээр сарын 9 хүртэл үргэлжлэх бөгөөд нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт нөлөөлж, үйл ажиллагааг нь тасалдуулахгүй, шуурхай зохион байгуулах гэнэ. Шалгалтын дүнд үндэслэн зарим автобусанд шүүлтүүр суурилуулна, цаашлаад ашиглах аргагүй бол үйлчилгээнээс хасах хүртэл арга хэмжээ авах болжээ.

Бэлтгэсэн: Ч.Мөнх


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)