Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг буурууллаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг буурууллаа

Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг боомтоор оруулж ирэх автобензинд ногдуулах онцгой албан татварыг тонн тутамд 260 мянга, дизелийн түлшинд тонн тутамд 280 мянга, Эрээнцаваар оруулж ирэх автобензинд тонн тутамд 130 мянга, дизелийн түлшинд тонн тутамд 150 мянган төгрөг байхаар тогтоолоо. 

Дотоодын зах зээлд борлуулж байгаа автобензин, дизелийн түлшний жижиглэнгийн борлуулалтын үнийг тогтвортой байлгах арга хэмжээ авч, хяналт тавьж байхыг сайд Ц.Дашдоржид даалгалаа.

Засгийн газар өнгөрсөн оны 11 дүгээр сард онцгой албан татварын хэмжээг хилийн үнэ, ваютын ханшны хэлбэлзэлтэй уялдуулан автобензинд тонн тутамд 400 мянга, дизелийн түлшинд тонн тутамд 520 мянган төгрөг байхаар тогтоосон байсан юм.

Оны сүүлийн хагас жилээс ам.доллартай харьцах төгрөгийн ханш суларсантай холбогдуулан газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн зардал өсч, жижиглэнгийн борлуулалтын үнэд өөрчлөлт оруулах нөхцөл үүссэн учир онцгой албан татварын хэмжээг ийнхүү шинэчлэн тогтоолоо.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Өнгөрсөн оны байдлаар тэтгэврийн насанд хүрсэн иргэдийн дийлэнх нь буюу 90 гаруй хувь нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа бөгөөд ийм тэтгэвэр авах болзол, шалгуурыг хангаагүй ахмад настнууд нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авч байна.

Харин эдийн засгийн идэвхтэй хүн амын 30 гаруй хувийг бүрдүүлдэг малчдын нийгмийн даатгалын хамрагдалт хангалтгүй байгаа нь ирээдүйд тэтгэвэр авах эрх үүсэхгүй эрсдэлтэй болжээ.

Малчид сайн дурын даатгал төлөх боломжтой хэдий ч маш бага хувь нь шимтгэл төлж, даатгуулж байна. Тухайлбал өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар 189 мянга гаруй хүн даатгуулсны 42 мянга гаруй нь малчид байсан нь нийт малчдын ердөө 15 хувь нь юм.

Малчнаар ажиллах иргэдийн тоо жил бүр багасаж байгааг нэмэгдүүлэх, малчнаар ажиллах сонирхол бий болгох, малчдын нийгмийн баталгааг хангах, байгаль, цаг уураас шууд хараат нөхцөлд мал маллаж байгаа малчдын өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг өөрчлөхийг зорьж байна.

Хуулийн төсөлд тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааны болзол хангасан малчин эрэгтэй 55, эмэгтэй 50 насандаа тэтгэвэр тогтоолгох эрхтэй байхаар тусгажээ. Төсөл батлагдвал малчдын нийгмийн баталгаа сайжирч, малчдад ирээдүйд үзүүлэх нийгмийн халамжийн зардал буурна гэж Засгийн газар үзэж байна. Мөн хууль хэрэгжсэнээр 2019 онд 20 гаруй мянган малчин шинээр тэтгэвэр тогтоолгож, тэтгэврийн зардалд 96 тэрбум, 2020 онд 22.8 мянган малчинд 112 тэрбум гаруй төгрөг шаардагдахаар байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)