Австралийн хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулах боломжийн талаар танилцуулав

Австрали Улсын Мельбурн хотноо зохион байгуулагдаж буй Олон улсын уул уурхай, эрдэс баялгийн чуулга уулзалт (IMARC-2018)-д Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн А.Ундраа тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Сайд Д.Сумъяабазар өнөөдөр Австрали Улсын Санхүү хөрөнгө оруулалтын төвд тус улсын хөрөнгө оруулагчдыг цуглуулан уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулалт хийхэд шинэ таатай орчин бүрдэж байгаа талаар мэдээлэл өгөв. Мөн “Эрдэнэс Таван толгой”-н 30 хүртэлх хувийг олон улсын хөрөнгийн зах зээлд нээлттэй гаргах бэлтгэл ажлыг хангаж байгааг дуулгаад, уг төслийг Дэлхийн хэмжээний том төсөл болгох ажлыг хамтран хэрэгжүүлэхийг уриалав.
Уулзалтад Австрали улсын томоохон хөрөнгө оруулагчдаас гадна УИХ-ын гишүүн А.Ундраа гишүүн, Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайд Б.Чулуунхүү, Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Лангтри, “Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес нар оролцов.

Энэ үеэр сайд Д.Сумъяабазар УУХҮЯ-ны дэргэд Төр хувийн хэвшлийн хамтарсан Олон улсын хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх хороог санаачлан байгуулахаар ажиллаж байгаагаа дуулгалаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)