Аврал эрсэн гэр хорооллынхон

дахин төлөвлөлт гэр хороолол

Орон сууцжуулах дэлхийн өдөр өчигдөр тохиов. БНСУ, БНХАУ-аас эхлээд францчуудаар дараалуулаад дэлхийн олон улс утаанаас салахын тулд орон сууцжуулах аян өрнүүлсэн гэдэг. Аян амжилттай болж, утаанаас бүрэн салсан нь бий. Бусад орны энэ мэт тэргүүн туршлага байсаар атал дээдсүүд биднийг утаагүй орчинд амьдруулахын тулд сайжруулсан түлш гэгчийг түлүүлнэ хэмээж буй билээ.

Ер нь сүүлийн 10 жилд утаанаас салахын тулд сайжруулсан түлш, элдэв төслийн зуух зэрэгт Засгийн газар 600 орчим тэрбум төгрөг зарцуулсан. Хоёр өрөө байрны дундаж үнэ 60 сая гэж тооцвол эл мөнгөөр 10 жилийн хугацаанд 10 000 өрхийг орон сууцад оруулах боломж бүрэн байж. Шилжилт хөдөлгөөнд дарагдсан улаанбаатарчууд өдгөө ам бүл 1.4 саяулаа болсон. Тэдний 57 хувь нь гэр хороололд амьдарч буй. Тэр тусмаа нийслэлийн удирдлагын буруутай үйлдлээс болж цөөнгүй иргэн гудамжинд гарсныг уншигчид бэлхнээ мэднэ. 2013 оноос гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцтай болгоход хотын удирдлага анхаарч эхэлсэн байдаг. Өнөөгийн гүйцэтгэлийг харахад энэ нь үнэндээ “сэрүүн зүүд” байж гэмээр.

2014 онд маш олон айл хашаа, байшингаа суллаж, нүүсэн билээ. Төр, компани, иргэний гурван талт гэрээнд итгэсэн нь гэрээсээ явах үндэслэл болсон гэх. Тухайлбал, Баянзүрх дүүргийн IV хорооны 85 өрхийн 600 гаруй иргэн 2014 оны аравдугаар сарын 13-нд хашаа, байшингаа суллаж, нураасан байдаг. IV хороо буюу “Мамба дацан” хийдийн ойролцоох 21 га талбайд бүтээн байгуулалт хийхээр “Их өргөө” компани шалгарчээ. Гурван талт гэрээнд эхний зургаан сард барилгын ажлаа эхлүүлээгүй бол эрхийг цуцлах заалт оруулсан аж. Дээрх хугацаанд уг компани ажлаа эхлүүлээгүйгээр үл барам иргэдээс зугтсаар байжээ. Тиймээс иргэд эвлэлдэн нэгдэж “Сансар хотхоноо аваръя” төрийн бус байгууллага байгуулсан аж. Тэд хотын дарга асан Э.Бат-Үүлд хандсан ч “Их өргөө”-гийнхөнд ямар нэг хариуцлага тооцолгүй өнгөрсөн юм. Дараа нь хотын удирдлага солигдож, С.Батболд нийслэлийг удирдах болсон. Түүнд хандсан боловч мөн л арга хэмжээ авалгүй байсаар таван жил өнгөрчээ. Арга барж, тэсэрч дэлбэрэхэд бэлэн болсон иргэд 2018 оны тавдугаар сард жагсаал цуглаан хийсний хүчээр “Их өргөө” компанийн эрхийг цуцалсан. Энэ хугацаанд 17 хүн бурхны орон руу явжээ. Өнөө ч орон гэргүй болсондоо шаналж, хэвтэрт орсон иргэн цөөнгүй байгаа юм билээ.

Гэр хорооолыг дахин төлөвлөх төслийг хэрэгжүүлэхдээ хууль, эрх зүйн орчныг сайтар зохицуулаагүй. Тиймээс Баянзүрх дүүргийн IV хорооны 106 хүүхэд өнгөрсөн жилүүдэд ихээхэн зутарчээ. Оршин суугаа хаягаасаа өөр газарт шилжиж, холоос цэцэрлэг, сургуульдаа явах мэдээж амаргүй. Үүнээс гадна ахмадууд ч өвдсөн үедээ түр оршин суугаа газрынхаа харьяа эмнэлэгт үзүүлж чадахгүй бас л зовж яваа талаар эх сурвалж хэлэв. Тухайлбал, өнгөрсөн сард Б эмээгийн бие мууджээ. Түр оршин суугаа Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийнхөн харьяаллын бус гээд түүнийг хүлээж аваагүй гэнэ. Аргаа барсан эмээ өөр эмнэлэг явах замдаа ухаан алдсан байж. Эмнэлэгт сэрсэн эмээ “Орон гэргүй, хүлээж авах эмнэлэггүй, ингэж явсаар гудамжинд нохой шиг үхэх нь” хэмээн асгартал уйлжээ. Б эмээгийнх хашаандаа өвлийн хоёр байшин, гарааштай, тохижуулж цэгцэлсэн цэцэрлэг, мододтой, орон сууцнаас дутахгүй цэвэр орчин бүрдүүлсэн байжээ.

Тав, зургаан жил орох оронгүй явсаар туйлдсан иргэд олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагад хандсан аж. Бүр тодруулбал, “Томсон Ройтерс”-ын сэтгүүлчид Монголд ирж, дахин төлөвлөлтөд өртөн орон гэргүй болж, төрийн захиргааны байгууллагад хандаад бүтэлгүйтсэн иргэдийн бэрхшээлийг харуулсан баримтат нэвтрүүлэг хийсэн гэнэ. Ийнхүү хотын удирдлага иргэнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас гадаадын сэтгүүлчид Монгол Улсын нэр хүндийг унагасан нэвтрүүлэг хийж, дэлхий дахинд цацжээ.

Гадаадын мэдээллийн агентлагт хандсаны хүчээр Баянзүрх дүүргийн IV хорооны 74 айл энэ оны нэгдүгээр сард Сүхбаатар дүүргийн XI хороонд байрлах 813, 814 дүгээр түр дамжин өнгөрөх байранд орсон гэнэ. Үлдсэн 11 өрх одоо болтол айлын хаяа сахин, ажилтай зарим нь өөрсдөө байр түрээслэн амьдарч буй. Энэ оны нэгдүгээр сараас хойш төсөл, хөтөлбөрийг урагшлуулахын төлөө хотын удирдлага дорвитой ажил хийгээгүй хэмээн “Сансар хотхоноо аваръя” төрийн бус байгууллагынхан хэлсэн. Түүнчлэн өнгөрсөн сард Орон сууцын дэд бүтцийн газрын харьяанд байсан түр дамжин өнгөрөх байруудыг нийслэлийн Орон сууцны корпорац (НОСК)-ын мэдэлд шилжүүлжээ. Гэтэл НОСК иргэдтэй шинэ гэрээ байгуулахаа мэдэгдсэн гэнэ. Өөрөөр хэлбэл, иргэдээс түрээсийн мөнгө авахаа хэлж, эс бөгөөс түр дамжин өнгөрөх байрнаас хүчээр гаргана гэсэн сурагтай. Энэ мэтээр Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй хууль, тогтоомжууд дахин төлөвлөлтийн төсөл, хөтөлбөрт хамрагдан орон гэргүй болсон иргэний эрхийг бүрэн дүүрэн хамгаалж, хөндөгдсөн эрхийг нь сэргээж чадахгүй байна.

Орон сууцын дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд орон гэргүй болсон 67 айл бий. Тэднийг энэ онд багтаан орон сууцад оруулна. Заримыг нь түр дамжин өнгөрөх байранд суулгана. Барилгын ажлаа эхлүүлэлгүй, төслийг удаашруулж, иргэдийг хохироосон компани бий. Харин “Гангар инвест”, “Баганат өргөө”, “Цагаан хуаран”, “Зургаан талт”, “Грийн ресурс”, “Бүргэд констракшн” зэрэг компани чөлөөлсөн газартаа орон сууц барьж иргэдийг оруулсан. Төсөл хэрэгжүүлэх эрх авч, ажлаа эхлүүлсэн компаниудад хөнгөлөлттэй зээл олгохоор Хөгжлийн банкны удирдлагатай ярилцаж буй. Мөн НОСК-тай хамтраад шинээр ашиглалтад орох байрыг түрээслээд, өмчлөх асуудлыг хэлэлцэж байгаа. Саяхан явуулсан санал асуулгаар 38 000 иргэн түрээслээд, өмчлөх хэлбэрээр орон сууцад орох хүсэлтээ илэрхийлсэн” хэмээв.

Гэр хорооллыг дахин төлөвлөх төслийг эхлүүлэхдээ нийслэлийн ИТХ-аас анх 25 байршил, 74 хэсэгчилсэн талбайг барилгажуулах тогтоол гаргасан. Улмаар эл ажлыг хэрэгжүүлэх 35 компанийг шалгаруулсан байдаг. Үүнээс зургаан аж ахуйн нэгжийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалжээ. Гэтэл суурь ухсанаас өөрийг хийгээгүй “Басма”, “Заг”, “Эрэл” компанийнхан Орон сууцын дэд бүтцийн газрын шийдвэрийг эсэргүүцэж шүүхэд хандсан гэнэ. Шүүхэд хэрэг үүсгэсэн төслүүд зогсдог. Эцэст нь иргэд хохирсон дээрээ хохирч үлддэг тохиолдол олон.

Газраа чөлөөлж өгсөн л бол иргэдийг тэр дор нь байранд оруулах эдийн засгийн чадамжтай, заавал тендерт оролцсон байх шалгуур өдгөө компаниудад тавьж буй. Түүнчлэн энэ долоо хоногт Орон сууцын дэд бүтцийн газрын Хяналтын хороо хуралдаж, 4-5 компанийн эрх цуцлах, эсэхийг хэлэлцэх аж. Хурлаар “Назу проперти”, “Гранд лэйн”, “Ажнай цэгц”, “Ди Ви Жи Эйч” компанийн талаар ярилцах юм байна.

“Эмнести интернэшнл” олон улсын байгууллагын Зүүн Азийн бүсийн төвийн судлаач Хирока Шожи мөн Монголд ажиллаад “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны явцад иргэдийн эрхийг ноцтой зөрчсөн байна. Тухайлбал, иргэдэд шаардлагатай мэдээллийг бүрэн гүйцэд, зохих ёсоор өгдөггүй. Иргэдтэй үл зөвлөлдөж, санал хүсэлтийг нь зураг төсөл, төлөвлөгөөнд тусгадаггүй” хэмээн дүгнэснээ танилцуулжээ. Гадаадын шинжээчийн шүүмжлэл ортой бөгөөд өдгөө ч өмчилсөн газрын үнэлгээ, эд хөрөнгийн нөхөн олговрыг шударга бусаар тооцож, иргэдийг алагчилдаг хэвээр байгаа билээ. Ингэхдээ дарамт шахалт үзүүлэн, нүүхээс өөр аргагүй байдалд хүргэж, иргэдийн гаргасан санал, гомдлыг шийдвэрлэх үр дүнтэй тогтолцоо бүрдүүлээгүй. Өөрөөр хэлбэл, хотын дарга нар төрөөс хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдээ хянадаггүй, буруутанд хариуцлага бараг тооцолгүй өнгөрдөг. Мөн барилгын компаниуд иргэдэд хуулиас давсан шаардлага тавьж, эрхийг нь зөрчих асуудал түгээмэл. Жишээ нь, 10 ам бүлтэй айлд “Хоёр өрөө байр өгнө. Үүнээс илүүг өгөхгүй” гэх зэргээр тулгаж, хашаагаа суллахыг шаарддаг нь үнэн билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)