Авлигын эрсдэл бүхий 50 шийдвэрийг хүчингүй болгуулжээ

“Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г боловсруулж батлуулав

Нэн түрүүнд Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх Ажлыг багуудыг байгуулж, хөтөлбөр хэрэгжиж эхлэх үеийн гарааны нөхцөл байдлыг тодорхойлохоор 21 аймагт ажилласан. Үүний үр дүнд авлигын эрсдэл, шалтгаан нөхцөлийг тогтоосон бөгөөд сэдэвчилсэн хэлэлцүүлгүүдийг өрнүүлэн иргэд, олон нийтийн саналыг авч, улмаар “Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г боловсруулж эхэлсэн. Үүний дараа 2017 оны 1 дүгээр сард “Авлигын эсрэг үндэсний чуулган”-ыг зохион байгуулж, чуулганд оролцогчдоос гаргасан санал, дүгнэлт, зөвлөмжийг “Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний нэгэн үндэс суурь болгосон.

Засгийн газрын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 114 дүгээр тогтоолоор “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г баталсан бөгөөд уг төлөвлөгөөнд тусгасан 216 арга хэмжээг хэрэгжүүлэхэд АТГ арга зүйн зөвлөмж өгөх, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах зэргээр голлох үүргийг гүйцэтгэж байна.

Засгийн газарт Зөвлөмж хүргүүллээ

2017 онд Авлигатай тэмцэх газрын ажлын багууд 21 аймаг, 99 сум, яам, агентлаг, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, нийслэл, дүүргийн 94 байгууллагад ажиллаж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх гарааны нөхцөл байдлыг тодорхойллоо.

Авлига, ашиг сонирхлын зөрчилд өртөх эрсдэлийг бууруулах, дотоод хяналт, санхүүгийн сахилга батыг сайжруулах талаар төрийн байгууллагууд дорвитой арга хэмжээ аваагүй, төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны нээлттэй байдлыг хангаагүй байна гэсэн дүгнэлтийг Авлигатай тэмцэх газрын ажлын багууд хийжээ. Авлигын түвшинг бууруулах, эрсдэл үүсгэх хүчин зүйлийг арилгах, илэрсэн зөрчил дутагдлуудыг давтан гаргахгүй байх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайд болон төрийн бүх шатны байгууллагын удирдах албан тушаалтнуудад шалгалтын дүнг танилцуулж, Засгийн газарт Зөвлөмж хүргүүлсэн. Шалгалтын дүнг төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудад танилцуулж, Үндэсний хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлээр арга зүйн зөвлөгөө өгч, шалган туслах ажлыг эрчимжүүлсэн, мөн Засгийн газрын гишүүдэд салбар бүрийн авлигын нөхцөл байдлын талаар тусгайлсан зөвлөмж хүргүүлсэн, илэрсэн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх, эрсдэлээс хамгаалах чиглэлээр хамтран ажиллаж байна.  

“Олон нийтийн төв”-ийг нээн ажиллуулж байна

Нийтийн албан тушаалтан, иргэд, олон нийт, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудад авлигын эсрэг богино хугацааны болон давтан сургалт явуулах, мэдээлэл түгээх, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах зорилгоор өдөрт 170 хүнийг хүлээн авах хүчин чадалтай  их, бага танхим бүхий “Олон нийтийн төв”-ийг 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдрөөс нээн ажиллаж байна.

Энэхүү төвийг нээн ажиллуулснаар НҮБ, Олон улсын авлигын эсрэг академи, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллага болон дотоодын сургалтын байгууллагуудтай хамтран “Нийтийн албаны сургалтын институт” байгуулах суурийг тавиад байна. Цаашид бүс нутгийн болон олон улсын түвшинд үлгэр жишээ үзүүлэхүйц байнгын ажиллагаатай сургалт, соён гэгээрүүлэх ажлын дэд бүтцийг бий болгох эхлэлийг тавилаа.

“Авлигын эсрэг сургалт”-д 21 мянга орчим албан тушаалтныг хамрууллаа

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойших 2 жилийн хугацаанд 262 удаагийн бүтэн өдрийн сургалтыг зохион байгуулж одоогоор 21574 нийтийн албан тушаалтныг хамруулаад байна.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд АТГ-аас төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус сургалтаар төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын 189047 хүнд авлигын шалтгаан хор хөнөөл, хууль эрх зүйн зохицуулалтыг ухуулан таниулах сэдэвтэй хичээлийг 2-3 цагийн багтаамжтай заадаг байсан ба АТҮХ хэрэгжсэн 2 жилийн хугацаанд 262 удаагийн бүтэн өдрийн сургалтыг зохион байгуулж байгаа, Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах нийт албан тушаалтны 53.9 хувийг танхимын сургалтад хамруулж чадсан нь Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн зорилтот түвшинд хүрэх таатай боломжийг нээгээд байна.

Орон нутагт ажиллав

Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх АТГ-ын ажлын багууд 2016-2018 онд 21 аймаг, 140 орчим суманд нийт 3 удаа томилолтоор ажиллалаа. Энэхүү томилолтын онцлог нь цөөн тооны хүчийг оновчтой зохион байгуулж, урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах шалгалтад хамрагдсан байгууллага, орон нутгийн тоог 2013-2014 онтой харьцуулахад даруй 3 дахин нэмэгдүүлсэн, АТГ Засгийн газар, яам, агентлаг, тэдгээрийн харьяа 99 байгууллагад авлига гарах шалтгаан нөхцөлийг арилгах 150 зүйл бүхий зөвлөмжийг хүргүүлсэн бол орон нутагт илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах чиглэлээр ИТХ, Засаг дарга нарт 279 арга хэмжээ бүхий зөвлөмжийг хүргүүлэн биелэлтийг тооцон ажиллаж байна.

Иргэний хяналтын зөвлөл

Төрийн байгууллагын албан тушаалтны үйл ажиллагаа, албан тушаалтны ёс зүй, төсөв, санхүү, худалдан авалт, нийтийн  албан тушаалтны хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын байдалд хяналт тавих, авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий Иргэний хяналтын зөвлөлийг яам, агентлаг болон орон нутгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд байгуулан ажиллуулж байна. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар төрийн байгууллагын 41 нэгжид 125 хүн иргэний хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Ийнхүү тодорхой салбар, орон нутагтаа ажиллаж амьдарч байгаа, тухайн байгууллагын үйл ажиллагаан дахь зүй бус үйлдлийг мэддэг, асуудлыг өөр өнцгөөс харж чаддаг, түүнийг засаж залруулах чин эрмэлзэлтэй иргэнийг сонгон ажиллуулснаар авлигын эсрэг олон нийтийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх, төр засгийн үйл ажиллагааны ил тод, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх, авлигад өртөмхий салбар, ажил, үйлчилгээг илрүүлэх, мэдээлэл авах эрхээ эдлэхэд дэмжлэг үзүүлэх, иргэний хөндөгдсөн эрх ашгийг хамгаалах, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлд үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа.

Авлигын эрсдэл бүхий 50 шийдвэрийг хүчингүй болгуулав

Авлига гарах шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн, зохиомлоор шат дамжлага, хүнд суртал бий болгосон, ашиг хонжоо олох, давуу байдал үүсгэхүйц гэж үзсэн 88 шийдвэрийг Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс хянан үзэж, бүхэлд нь буюу хэсэгчлэн хүчингүй болгох саналыг холбогдох төрийн байгууллагуудад уламжилжээ. Өнөөдрийн байдлаар авлигын эрсдэл бүхий 50 шийдвэрийг хүчингүй болгож, хууль тогтоомжид нийцүүлж өөрчилсөн талаараа төрийн байгууллагууд хариу мэдэгдээд байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)