Авлигын хэргээр ял шийтгүүлсэн прокурор ЗТХЯ-нд ажилд орох нь

ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдын гарын үсэгтэй, иргэн Ш.Болд-Эрдэнийг тус яамны хариуцлагатай албан тушаалд томилуулахад ашиг сонирхлын зөрчил үүсэх, эсэх, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг (ХАСУМ)-ийг нь хянуулах тухай албан тоот АТГ-т илгээснийг тус яамны эх сурвалжууд мэдээллээ. Түүгээр ч зогсохгүй эрх бүхий албан тушаалтнаар дамжуулан сонирхлын зөрчил үүсэхгүй гэсэн бичиг гаргуулж болзошгүй байна хэмээн ЗТХЯ-ныхан хардаж буй юм. ЗТХЯ-нд эрх бүхий албан тушаалд томилуулах гэж буй Ш.Болд-Эрдэнийн хувьд Сэлэнгэ аймгийн орлогч прокуророор ажиллаж байхдаа Ерөө сумын иргэн Р.Батбаярт холбогдох, бусдын биед хүнд гэмтэл учруулсан хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхөөр амлан, нэг сая төгрөгийн хахууль авч, хэрэгсэхгүй болгосон хэрэгт ял шийтгүүлсэн нэгэн. Уг хэрэг нь илэрч, сэжигтнээр шалгуулж байхдаа үйлдсэн хэргээ нуун далдлахын тулд хуурамч бичиг баримт үйлдсэн хэмээн НПГ-аас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлж байсан юм. Улмаар анхан шатны шүүхээс нэг жил хорих ял оноож, давж заалдах болон Улсын дээд шүүх түүнийг нь хэвээр баталж байв.

Тэрбээр ял эдэлж дууссаныхаа дараа гаалийн байгууллагад хариуцлагатай албан тушаал хаших болсон ч хахуулийн хэргээр ял шийтгүүлсэн нь хяналт шалгалтаар илэрч, ажлаас нь чөлөөлсөн аж. Өдгөө АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийнхэн Мөрдөн шалгах хэлтэстээ шалгаж, шүүхээр шийдвэрлүүлж, 2010-аад оны үед нэг хэсэг олны анхааралд өртсөн хэргийн холбогдогчийнхоо ХАСУМ-ийг нь хянаад ямар хариу өгөхийг харах л үлдлээ.

Бэлтгэсэн: Г.Орчлон


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)