Авлигын гэмт хэргийг дагнасан шүүхээр шийдвэрлүүлдэг болъё

АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа “Бүрэн зураглал” нэвтрүүлэгт оролцож “Хууль, шударга ёс” сэдвээр УИХ-ын дарга Г.Занданшатартай ярилцсан юм. Уг ярилцлагыг бүрэн эхээр нь сийрүүлэн хүргэе.

Г.Занданшатар: -Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-аар батлаад тавдугаар сарын 25-наас хүчин төгөлдөр мөрдөж эхэлнэ. Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс, ард түмний хүсэл эрмэлзлийг шингээж зангидсан. Гэхдээ үүнийг хэрхэн бяр оруулж амилуулах вэ гэхээр органик хуулиар булчин шөрмөсүүдийг нь зангидаж өгөх ёстой.

З.Дашдаваа: -Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан өөрчлөлтөөр нийтдээ 50 орчим хууль өөрчлөгдөнө гэж үзэж байгаа. Эдгээр хуульд оруулах зарим нэмэлт, өөрчлөлтийн саналыг Танд уламжлан хүргүүлж байгаа юм.

Г.Занданшатар: -Ард түмэн авлигын асуудлыг их ярьж байгаа. Тэгэхээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн нэг гол зорилго бол харилцан хяналт тэнцлийг бэхжүүлэх замаар шударга ёсыг тогтоож, авлигыг арилгах юм.

З.Дашдаваа: -АТГ 2007 онд байгуулагдаж 13 дахь жилдээ ажиллаж байна. Мөрдөн шалгах чиглэлээр АТГ нэлээд мэргэшиж, тодорхой түвшинд хүрсэн. Прокурорууд бас тодорхой түвшинд мэргэшсэн гэж ойлгож байгаа. Бидний хүсэн хүлээж байгаа зүйл бол авлигын гэмт хэргийг дагнасан шүүхээр шийдвэрлүүлэх сонирхолтой. Энэ талаар олон улсын жишиг ч бий. Монгол Улсын Үндсэн хуульд шүүхийн тухай орсон өөрчлөлтөөр шүүх дагнан байгуулж болно гэж заасан байгаа. Тэгэхээр дагнасан шүүх байгуулснаараа авлигатай тэмцэх ажилд нэлээд ахиц гарна.

ТАНГАРГИЙН ҮГИЙГ ӨӨРЧЛӨХ НЬ ГИШҮҮДИЙГ АВЛИГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ БАЙГАА АЖИЛ

Г.Занданшатар: -АТГ шинэлэг ханд -лага, олон улсын туршлага, цахим засаглал, авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр олон ажил хийхээр төлөвлөн УИХ-д багц саналаа ирүүлсэн. Авлигын гэмт хэрэгт өршөөл үзүүлдэггүй байх, мэдээлэгчийг хамгаалах, урамшуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх, АТГ-ын салбар, нэгжийг орон нутагт байгуулах гэх мэт. Улс төрийн намын санхүүжилтийн механизмыг ил тод, хариуцлагатай болгох саналыг нь Үндсэн хуульд яг ингэж тусгасан. УИХ-ын гишүүдийн ёс суртахуун, шударга, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн нэг гол зорилго.

Төрийн түшээд, УИХ-ын гишүүд шударга ёс, сахилга хариуцлагаа дээрээсээ ингээд үлгэрлээд эхэлбэл доор шударга ёс тогтоно. Ийм учраас АТГ-аас УИХ-ын гишүүдийн тангаргийн үг болон тангараг өргөх дэгт зарим өөрчлөлт оруулахаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй уялдуулаад саналаа ирүүлсэн. Үүнийг УИХ-ын чуулганы дэгийн болон УИХ-ын тухай хуульд оруулахаар төлөвлөж байна. Энэ саналаа Та тодорхой тайлбарлаж өгнө үү.

З.Дашдаваа: -Өнөөдрийн мөрдөж байгаа дэгээр бол УИХ-ын гишүүд бүгд нэг дуугаар уншаад, туганд мөргөөд л, тангараг өргөх үйл ажиллагаа өндөрлөж байгаа. Монгол Улсын төрийн эрх мэдэл бол ард түмний гарт байдаг. Энэ эрх мэдлээ УИХ-ын гишүүнээр дамжуулан хэрэгжүүлнэ гэж Үндсэн хуульд заасан. Тийм учраас УИХ-ын гишүүн төр, түмний төлөө зүтгэх учиртай. УИХ-ын гишүүн тангараг өргөсөн эхний өдрөөсөө л энэ үүрэг хариуцлагаа сайтар ойлгож ажиллах ёстой гэж бид үзэж байгаа юм.

“Монгол Улсын их хурлын гишүүн би ...иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн төрийн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж” гэж бид нэмж оруулж байгаа. “Гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ хэмээн төрийн сүлдэнд тангараг өргөнө” гэж өөрчлөн найруулах, СЕХ-ны дарга илтгэл тавьсны дараа насаар ахмад гишүүн тангаргийг уншиж, бусад гишүүн давтан хэлж тангараг өргөх гэснийг “СЕХ-ны дарга илтгэл тавьсны дараа гишүүн нэг бүр насны эрэмбээр Монгол Улсын Үндсэн хууль дээр гараа тавьж тангаргийн үгийг цээжээр уншиж тангараг өргөнө” гэж өөрчлөн найруулах саналтай байна.

Тодорхой хэмжээнд нэг өдөр суугаад уншаад цээжилнэ гэдэг бол ингэхэд би ер нь ямар ажил албанд очиж байгаа билээ гэдэг мэдрэмж эрхгүй төрнө. Үндсэн хуулиа зайлшгүй уншина. Тодорхой цаг хугацаа орох байх. Гэхдээ нэгэнт төрийн эрх барих дээд байгууллагад орж ажиллаж байгаа хүн ард түмнийхээ өмнө өөрийн биеэр энэ тангаргийг өргөдөг байх ёстой. Ингэж илэрхийлэх нь тухайн сонгогдож байгаа гишүүнд ойлгомжтой байх юм болов уу гэж бид харж, ийм санал оруулж байна.

Тангаргийн үгэнд бас “авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна” гэж оруулах санал өгч байгаа нь УИХ-ын эрхэм гишүүдийг аливаа гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлж байгаа том ажил.

АНХААРАЛ ТАТСАН ЗАРИМ ХЭРГИЙН ТАЛААР ТОДОРХОЙ ХЭМЖЭЭГЭЭР МЭДЭЭЛЭХ НЬ ЗҮЙТЭЙ

Г.Занданшатар: -Үндсэн хуульд шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй бол хэнийг ч гэм буруутайд тооцохгүй гэсэн заалт бий. Гэтэл нийгмийн сүлжээ, зарим төрийн бус байгууллага урьдчилаад хүнийг ялладаг, мөрдөн байцаах ажиллагаанд нөлөөлдөг, улстөржүүлдэг байдал сонгууль дөхөхөөр хавтгайрах хандлагатай болдог. Энэ байдал нь хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаанд саад болох, мөрдөн байцаалтын нууц задрах гэх мэт тодорхой хүндрэл учруулдаг гэсэн яриа бий. Тийм учраас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх болон мөрдөн шалгах чиглэлээр Та бүхний баримталж байгаа стратеги, тактикт ямар өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж байна вэ?

З.Дашдаваа: -Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд шалгаж байгаа хэргийн материал нууц. Прокурорын зөвшөөрөлтэйгөөр тодорхой мэдээллүүдийг өгдөг. Иргэд, олон нийтийн анхаарал татсан зарим хэргийг тодорхой хэмжээгээр мэдээлж байх нь зүйтэй гэж үздэг. Тэр тусмаа авлигын гэмт хэргийн талаар. Аливаа асуудал хаалттай байгаа нь хардлага сэрдлэг төрүүлдэг. Тийм учраас тодорхой мэдээллийг ингэж ингэж өгч болно гэсэн заалтуудыг холбогдох хуульд оруулах хэрэгтэй. Ингэвэл иргэд, олон нийт хоосон хардлага сэрдлэгэд автахгүй, хэвлэлд таамгаар бичээд байхгүй. Байгууллагын мэдээллийг ил тод өгснөөр дээрх бэрхшээл арилна гэж үзэж байгаа.

Г.Занданшатар: -За, их баярлалаа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг сурталчлан таниулах ажил бол УИХ-ын үүрэг. Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажил бол АТГ-ын үүрэг. Өнөөдрийн ярилцлагын зорилго нь АТГ-ын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр мэдээлэл солилцох байлаа. Үр дүнтэй ярилцлага боллоо. Танд баярлалаа.

З.Дашдаваа: -За, баярлалаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)