Авлига авсан зарим шүүгдэгчийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулав

Авлига авсан, өгсөн, зуучилсан гэх, Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийн шүүгдэгч болох Ш.Мөнгөншагай, Э.Халиунбаяр, Б.Сайханцэцэг, С.Оюунбат, Ч.Амгаланбаяр, Ш.Энхтөр, М.Цэндсүрэн, Г.Жаргалан, Ц.Өнөрцэцэг нар анхан шатны шүүхээс ногдуулсан ялыг үл хүлээн зөвшөөрч, давж заалджээ. Тэдэнд холбогдох хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцэв. Тус шүүхээс Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан шийтгэх тогтоолд зарим өөрчлөлт орууллаа. Тодруулбал, шүүгдэгч Г.Алтан-Очирыг хууль бусаар олсон мөнгө гэдгийг мэдсээр байж авч, ашиглан мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял ногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгов. 

Улмаар нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа гүйцэтгэх ёсгүй үйлдэл гаргаж, бусдаас хахууль авсан гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг нь таван жилээр хасаж, хоёр жил хорих ял ногдуулжээ. Тэрбээр өмнө нь 50 сая төгрөг төлөхөөс гадна гурван жил хорих ял сонсоод байв. Мөн шүүгдэгч Б.Цолмонбаатарын нийтийн албанд томилогдох эрхийг долоон жилийн хугацаагаар хасаж, гурван жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр болжээ. Анхан шатны шүүхээс түүний төрд ажиллах эрхийг таван жилээр хасаж, таван жилийн хорих ялаар шийтгэж, гэмт хэрэг үйлдэж олсон гэх 60 сая төгрөгийг гаргуулан, улсын орлого болгох ял оноогоод байсан юм. Шүүгдэгч Ж.Цэцэгээгийн шийтгэх тогтоолд ч тодорхой өөрчлөлт оруулжээ. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Ж.Цэцэгээгийн хуульчаар ажиллах эрхийг гурван жилээр хасаж, 2.7 сая төгрөгөөр торголоо. Тэрбээр 12 сая төгрөгөөр торгуулаад байсан билээ. Үүнээс гадна албан тушаалтанд хахууль өгсөн гэх шүүгдэгч Н.Уранчимэгийг 35 сая төгрөгөөр торгосныг хүчингүй болгов. Тэрбээр анхан шатны шүүхээс хоёр жилийн ял сонссон юм. Харин бусад шүүгдэгч нарын шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсангүй, анхан шатны шүүхээс оноосон ялыг хуульд нийцсэн гэж үзлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)