Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг дээр дооргүй замхаруулж байна

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг УИХ баталсан нь иргэд төдийгүй олон улсын талархлыг хүлээж, Монгол Улс улс төрийн дээд түвшинд хээл хахуультай тэмцэж эхлэх нь гэж үнэлэгдсэн. 2016-2023 онд хоёр үе шаттай хэрэгжүүлэх уг хөтөлбөр үр өгөөжтэй, эсэхэд олон нийт сүүлийн үед эргэлзэх болж, шүүмжлэлтэй хандаж буй. Иргэдийн хардлага, шүүмжлэл бодитой, эсэхэд хариулт эрэв. Уг нь энэ хөтөлбөрийг батлах үед орон нутагт Иргэний хяналтын зөвлөл ажиллаж байсан. Иргэд төрийн байгууллагыг тодорхой хэмжээнд хянаж, Авлигатай тэмцэх газрынханд дэмжлэг үзүүлдэг байсан гэж болно. 

АТГ-ын удирдлага дээрх дэд зөвлөлийг дорвитой ажиллуулаагүйгээс төсвийн мөнгө хяналтгүй урсаж байна гэж хэлж ч болно. Үүний хамгийн тод жишээ нь өнгөрсөн өдрүүдэд шүүмжлэл дагуулаад буй “Хүлэг Боорчи андлалын өргөө” юм.

Харамсалтай нь, төрд иргэний хяналт хэрэггүй гэж үзсэн үү, дээрх зөвлөлийг татан буулгаж, Авлигатай тэмцэх газрынхны “гар”-ыг нэг талаараа хүлж орхисон. Нөгөө талаараа улстөрчдийн булхайг илчлээд эхлэхээр тэд ч уг зөвлөлийг “намнасан” хэрэг. Үүнээс гадна Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн дөрөв дэх хэсэг буюу хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны 4.1.7.4-т “Орон нутгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон яам, агентлагийн дэргэд Авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн хяналтын дэд зөвлөл байгуулан ажиллуулах” гэж тусгажээ.

Цагаан дээр хараар бичсэн эл заалтыг хэрэгжүүлж буй төрийн сайд, түшмэл, дарга, даамал ер алга. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй байгааг “Транспэрэнси интернэшнл” байгууллагын 2019 оны авлигын төсөөллийн индексийн дүн илтгэв.

Олон улсын байгууллагаас гаргасан төсөөллийн индексээр Монгол Улс 35 оноо буюу туйлын хангалтгүй үнэлгээ авсан. Хамгийн гол нь тааруу дүн авсан шалтгааныг яам, тамгын газар, шүүх эрх мэдлийн байгууллагад үүрлэсэн авлигатай холбон тайлбарласан. Олон улсын судалгааны дүн бодитой байсныг энэ өдрүүдэд болж буй үйл явдал баталгах шиг. Шинээр бүрдсэн УИХ-ын гишүүд давхар дээл өмсөхийн тулд улайран тэмцэлдэж, олон нийтийн сүлжээгээр нэртэй, нэргүй баахан ухуулга хийв. Эцэст нь арай гэж Засгийн газраа бүрдүүлтэл яам, агентлагийн газрын дарга нарыг томилох “дайн” өрнөж, уг албан тушаалд “очих” ханш тэнгэрт хадсан тухай мэдээлэл хаа сайгүй чих дэлсэж эхэллээ.

“Орон нутгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон яам, агентлагийн дэргэд Авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн хяналтын дэд зөвлөл байгуулан ажиллуулах” гэх Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр дэх заалтыг хэрэгжүүлэх нь битгий хэл, мартагдуулж, бүдгэрүүлэх оролдлого газар авсан гэнэ. Тухайлбал, сонгуулиар намдаа хандив нэртэй хахууль өгсөн цүнх баригчид өдгөө өөрсдөө, ах, дүү, эрх ашгийн ямар нэг зөрчилтэй хүмүүсээ албан тушаалд аваачихын тулд “алаан” болж байгаа талаар дээр дооргүй ярьж байна. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 4.1.1.2-т “Нийтийн албанд томилогдох албан тушаалтны ёс зүй, мэдлэг, боловсрол, туршлага, ур чадварын шалгуурыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, албан тушаалтныг мэдлэг, боловсролд суурилсан шатлан дэвших зарчмыг баримтлан томилох, дэвшүүлэх” гэж заасан. Гэтэл өдгөө нийтийн албанд орохоор зүтгэж буй иргэдэд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр хийгээд доторх зүйл, заалтын талаар тодорхой мэдлэг, мэдээлэл үгүй бололтой. Мэдээлэх үүрэгтэй газар нь мэдээлээгүй юү, эсвэл мэдэхийг хүсээгүй юм болов уу. Ямартай ч горилогчид дээр заасан шалгуурт тэнцэхгүй хөгөө чирсэн гэнэ. АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийнхэн өнгөрсөн долдугаар сарын 29-31-нд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 124 хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн юм.

Тэдгээр мэдүүлгээс 104 нь ашиг сонирхлын зөрчилгүй гэж гарчээ. Үлдсэн нь хуульд заасан шаардлага хангаагүй, ашиг сонирхлын зөрчил үүсэж болохуйц нөхцөлтэй гэх үнэлгээ авсан гэх. Тиймээс АТГ-аас цөөнгүй нэр дэвшигчид төрийн албанд тэнцэхгүй гэдгийг нь хэлж, заримд нь бүр анхааруулжээ. Өнгөрсөн долоо хоногт албан тушаал горилсон 220 хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн байна. Ингэхэд дөрөв нь ашиг сонирхлын зөрчилтэй гарчээ. 1990-ээд оноос өмнө авлига албан тушаалын хэрэг маш цөөн гардаг байсан талаар ахмад прокурорууд хэлдэг. Өдгөө ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүд хэдэн зуугаараа төрийн алба руу улайран зүтгэдэг болсон. Хамгийн гол нь АТГ-т материалаа өгсөн горилогч дундаас хувийн ашиг сонирхлын зөрчилтэй хүн хэдэн арваараа илэрч байгаа нь харамсалтай.

АТГ-ын удирдлага дээрх дэд зөвлөлийг дорвитой ажиллуулаагүйгээс төсвийн мөнгө хяналтгүй урсаж байна гэж хэлж ч болно. Үүний хамгийн тод жишээ нь өнгөрсөн өдрүүдэд шүүмжлэл дагуулаад буй “Хүлэг Боорчи андлалын өргөө” юм. Уг өргөөг бүтээн байгуулахад төсвөөс 2.8 тэрбум төгрөг зарцуулсан гэдэг. Үүнийг нь Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр “Монгол уран дархан өчнөөн олон бий. Андлалын өргөө бол бүтээн байгуулалт бус, 100 айлын “Би чадна” гэдэг хүмүүсийн хийсэн ажил” хэмээн ёжилсон.

Түүнчлэн АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа энэ оны нэгдүгээр сарын 2-нд тушаал гаргаж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн зорилттой уялдуулан, Авлигатай тэмцэх газрын стратеги төлөвлөгөө баталсан. Уг төлөвлөгөөнд авлигын эсрэг соён гэгээрүүлэх үйл ажиллагаа олон нийтийн оролцоонд түшиглэдэг болно. Авлигаас урьдчилан сэргийлэх, авлигатай тэмцэх үйл ажиллагаа нь судалгаа шинжилгээ, технологид тулгуурлан хэрэгжинэ гэж заажээ. Өнөөдөртөө олон нийтийг түшиглэн соён гэгээрүүлж, гийгүүлсэн зүйл алга. Харин ч дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүйн үлгэрээр зүй бус үйлдэл гаргасан зарим иргэн, төрийн албан хаагчид сайд, дарга нартай барьцах нь холгүй аяглаж буй билээ.

Жишээ нь, 250 төгрөгийн үнэтэй жижиг савлагаатай усыг вагонд 1500 төгрөгөөр зарж буй эмэгтэй “Жаахан үнэтэй юм” хэмээн гомдоллосон үйлчлүүлэгчдээ “Дээгүүрээ хэдэн зуун саяар нь идэж ууж байхад миний энэ хэрийн үнээр ус зарах ч яамай” гэж даналзсан гэх. Хэтэвчээ суйлуулсан иргэний бичиг баримтыг яаралтай гаргахдаа үйлчилгээний үнээс илүү мөнгө авсан төрийн албан хаагч “Түшээд дээгүүрээ ард түмнээ мөлжиж байхад миний авч буй тав арван төгрөг юу ч биш” гэж өөрийгөө өмөөрсөн тохиолдол бий. Бичиг баримтын жижиг зөрчилтэй жолоочийн эрхийг хасахгүй явуулж, халаасандаа 50 мянган төгрөгтэй хоцорсон замын цагдаа өөрийн үйлдлээ эрхэм түшээдтэй адилтгаад чамлах аястай цааш, нааш алхах дүр зураг олширсон. Өөрөөр хэлбэл, иргэд төрд “гарсан” нөхдийн төсвийн мөнгөнөөс хулгайлж буй үйлдлийг мэдээлэхээсээ илүү барьцаж эхэлсэн гэхэд болно.

Энэ мэтээр авлига шат шатанд газар авсаар алгын чинээгээс уулын дайтай томордог. Ийм тохиолдолд АТГ-ынхны хийж чадах зүйл тун бага байгааг иргэд шүүмжилдэг. Угаасаа дорвитойхон хөдлөх эрх мэдэл тэдэнд үгүй. Сайндаа л сануулах арга хэмжээ авч, эсвэл зөвлөмж хүргүүлдэг. Тодруулбал, өнгөрсөн онд 21 аймагт 236, Монгол Улсын Засгийн газарт 47, Гадаад харилцааны яаманд хоёр, Зам, тээврийн хөгжлийн яаманд 13, Эрүүл мэндийн яаманд 11, БСШУСЯ-нд (хуучнаар) 13, нийслэлийн Засаг даргад 11 асуудал бүхий зөвлөмж хүргүүлэн, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих, биелэлтийг мэдээлэхийг даалгасан. Үүнээс гадна УИХ-ын гишүүд ёс зүйн хувьд манлайлж ажиллах ёстой хэмээн УИХ-ын даргад зөвлөмж хүргүүлсэн юм. Харамсалтай нь, өнгөрсөн дөрвөн жилд эрхэм түшээд маань Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авч, ах дүү, танил талдаа концессын гэрээ хийх боломж олгож багагүй будлиан хутгасан. Энэ бүхнийг хэвлэл мэдээллийнхэн ил болгож ард иргэдэд мэдээлсэн. Иргэдийн олонх нь төрийн мөнгө өөрийнх нь биш гэж үздэг хэвээр. Дараа нь гарах үр дагавар нь өөрт нь сөрөг нөлөөтэй хэмээн эмээж, авлигыг холбогдох газарт нь мэдээлдэггүй юм байна.

УИХ-д энэ онд тайлагнасан Авлигатай тэмцэх хөтөлбөрийн хэрэгжилтийг сонирхъё. Төрийн байгууллагуудад авлига, хээл хахууль авах нь төдийлөн буурахгүй байгааг уг тайланд дурджээ. Тухайлбал, тус газраас төрийн 62 байгууллагаас үйлчилгээ авсан 7400 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл болон үйлчилгээ хүргэсэн 1360 албан хаагч, 795 шинжээчийн үнэлгээнд үндэслэн шударга байдлын үнэлгээ хийжээ.

 Үлгэр жишээ үзүүлэх ёстой өнөөх төрийн байгууллагууд нь шударга бус гэсэн үнэлгээ авсан байна. Тухайлбал, Гадаад харилцааны яам, Гаалийн ерөнхий газар, Биеийн тамир, спортын газар, Үндэсний хөгжлийн газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар хамгийн бага үнэлгээтэй гарч, авлига авч, өгөх эрсдэлтэй гэсэн ангилалд багтжээ.

Тодруулбал, Үндэсний хөгжлийн газрынханд авлигын эсрэг тогтолцоо, мэдээлэгчийг хамгаалах, авлигыг хянах дотоод хяналтын механизм, төсвийн зарцуулалтын хяналт, удирдлагын авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл тааруухан байгаа нь үнэлгээгээр илрэв. Мөн Гадаад харилцааны яамны шударга байдлын үнэлгээ өмнөх оныхоос буурчээ. Тус яамны үйл ажиллагаа, хүний нөөцийн мэдээлэл ил тод бус, албан хаагчид нь хариуцлагагүй гэж иргэд үзсэн байна. Гаалийн ерөнхий газарт иргэд болон шинжээчид мөн л хангалтгүй үнэлгээ өгчээ. Иргэд тус газрын төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны талаарх мэдээлэл ил тод бус, албан хаагчид хариуцлагагүй гэж дүгнэсэн байдаг. Харин шинжээчид тухайн байгууллагын удирдлага авлигатай тэмцэх чиглэлээр тодорхой ажил хийдэггүй гэж үзсэн юм. Тэд мөн Иргэний нисэхийн ерөнхий газрын удидлагыг авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл тааруу гэж дүгнэсэн юм. Товчхондоо иргэд ч, мэргэшсэн шинжээчид ч Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй хэмээн үзэж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)