Авиган эмийг ашиглаж эхэллээ

Дэлхий нийтэд өчигдрийн байдлаар 212 улс, бүс нутагт “Ковид-19” бүртгэгдэж, халдвар авсан хүний тоо 1.4 саяыг давлаа. Манай улсад 16 тохиолдол илэрч, дөрвөн хүн эдгээд байна. Урд хөршид халдвар харьцангуй намжсан. Гэтэл хойд хөршид халдварын тохиолдол тогтмол өсөх болсон нь бидэнд сэрэмж, анхаарлаа бүү сулруул гэсэн дохио өгсөн хэрэг гэдгийг холбогдох албаныхан санууллаа. Улсын хэмжээний тусгаарлах байр, эмнэлгүүдэд өчигдөр 1484 хүн байсан бөгөөд 92 иргэн ажиглалтаас гарчээ. Шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан хүний эмчилгээнд ашиглаж байгаа, томууны эсрэг авиган эмийг манай улсад ашиглаж эхэлснийг ЭМЯ-наас өчигдөр мэдээлсэн. Уг эмийг Японд үйлдвэрлэсэн бөгөөд НҮБ, ДЭМБ-ын зөвшөөрлөөр дэлхийн олон оронд “Ковид-19”- тэй өвчтөнийг эмчлэхэд ашиглаж буй юм. Япон, Хятадын эрдэмтдийн нотолсноор тус эмийг хэрэглэсэн өвчтөний биеийн байдал богино хугацаанд сайжирч, уушгины үрэвсэл нь хурдан эдгэж байгаа гэнэ.

Ташрамд дурдахад, ДЭМБ халдварын тархалтыг хумих гол арга хэмжээ болох хөл хорио, хязгаарлалтын дэглэмийг цуцлах нөхцөл одоогоор аль ч оронд бүрдээгүй гэдгийг гишүүн улсууддаа сануулжээ. Хэрэв хязгаарлалтын дэглэмийг цуцалбал өвчлөл өргөн хүрээнд тархах өндөр магадлалтайг анхааруулсан аж.

ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА:

-Дэлхий дахинд сүүлийн нэг долоо хоногт халдварын тохиолдол өмнөхөөс хоёр дахин нэмэгдлээ. “Ковид-19” маш эрчимтэй тархаж байна. Цар тахал цаашид урт хугацаагаар үргэлжлэх өндөр магадлалтай.

Ө.ЭНХТҮВШИН (Улсын онцгой комиссын дарга):

-ХӨСҮТ-д 100 орчим хүн цаг наргүй ажиллаж байна. УОК-т иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас мөнгө хандивласаар байгаа. Тиймээс уг мөнгөнөөс халдварын голомтод ажиллаж хүн бүрт 500 000-1 000 000 төгрөгийн мөнгөн урамшуулал олгох боллоо.

Д.НЯМХҮҮ (ХӨСҮТ-ийн ерөнхий захирал):

-Хэрэв бид анхаарлаа сулруулан, амны хаалт зүүхээ больж, хорио цээрийн дэглэмийг зөрчвөл өнгөрсөн гурван сарын амжилтаа хоромхон хугацаанд алдах эрсдэлтэй.

Т.БАДРАЛ (ОБЕГ-ын дарга, хошууч генерал):

-Сургууль, цэцэрлэгийг ирэх есдүгээр сарын 1 хүртэл хичээллүүлэхгүй байхаар бэлтгэл хангаж, олон нийтэд зарлах үүргийг Ерөнхий сайд өгсөн. Эл асуудлаар Улсын онцгой комисс маргааш (өнөөдөр) хуралдана.

БНСУ-д хууль бусаар оршин суусан иргэдийг авчрав

“Ковид-19”-өөс урьдчилан сэргийлэх хүрээнд манайх олон улсын шууд нислэгүүдээ зогсоосон. Тиймээс гадаадаас нэн даруй ирэх шаардлагатай иргэдээ тусгай үүргийн онгоцоор татан авч байгаа билээ. Тусгай үүргийн найм дахь нислэгийг өчигдөр Сөүл-Улаанбаатар чиглэлд үйлдэв. Монголчууд олноор ажиллаж, амьдардаг тус улс руу явуулсан, тусгай үүргийн гурав дахь онгоц нь энэ юм. Уг онгоцоор 264 иргэн эх орондоо ирлээ. Тэдний дотор өндөр настан 44, жирэмсэн эмэгтэй тав, эрүүл мэндийн шалтгаантай 43 иргэн, 18 оюутан байв. Үүнээс гадна БНСУ-д хууль бусаар оршин суусан хэргээр хоёр хүртэлх сар саатуулагдсан 55 монгол иргэнийг тус улсын Хууль зүйн яамнаас тавьсан шаардлагын дагуу авчирчээ.

Бэлтгэсэн: Ч.Зул

Италид халдварын тохиолдлын тоо буурах хандлагатай байна

Италид шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиолдлын тоо буурах хандлага ажиглагдаж эхэлжээ. Лхагва гаргийн өглөөний мэдээнээс үзвэл 800 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн сарын 10-наас хойших хамгийн цөөн үзүүлэлт байв. Гэхдээ нас барсан хүний тоо өндөр хэвээр.

“Twitter” компанийн гүйцэтгэх захирал Жак Дорси цар тахалтай тэмцэхэд нэг тэрбум ам.доллар хандивлахаа мэдэгдлээ. Энэ нь түүний хөрөнгийн 28 хувьтай тэнцэх аж. Түүнээс гадна “Amazon” компанийг үүсгэн байгуулагч, дэлхийн тэргүүн баян Жефф Безос хандивын “Feeding America” байгууллагад, “Bill & Melinda Gates” сан вакцин гаргахад, “Dell” компанийн үүсгэн байгуулагч Майкл Делл цар тахалтай тэмцэхэд тус бүр 100 сая доллар хандивлахаа мэдэгдсэн.

Британид АНУ хиймэл амьсгалын 200 аппарат нийлүүлэхээ зарлав.

Японы Токио, Осака болон өөр таван мужид анх удаа онцгой байдал зарлажээ. Ирэх сарын 6 хүртэл үргэлжлэх уг арга хэмжээний явцад оршин суугчид гэртээ байхын сацуу сургууль, бусад газрын үйл ажиллагааг хязгаарлах зэргээр халдвараас сэргийлнэ.

Бэлтгэсэн: З.Гал


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)