Аварч болохоор атал нэг аймгийн хүн амтай тэнцэх тооны иргэнээ алджээ

Эрүүл, урт наслахад удамшил 20-25, амьдралын хэв маяг 50-55, хүрээлэн буй орчин 20-25, анагаах ухааны туслалцаа 10-15 хувь нөлөөлдөг гэж эрдэмтэд үзжээ. Анагаах ухааны салбарынхан иргэдэд хүргэх тусламжаа 100 хувь сайн биелүүлж чадвал тэр хэрээр урт наслах нь. Гэвч манай улсад 2007-2014 оны хооронд 44.800 хүн эдгээж болох өвчнөөр нас баржээ. Энэ нь нийт үхлийн шалтгааны гуравны нэгийг эзэлж буй. Өөрөөр хэлбэл, жам ёсноос гадна элдэв өвчин, эмгэгээр хорвоог орхихоос нь урьтаж яаралтай тусламж, эмчилгээ, үйлчилгээг цаг алдалгүй хүргэж чадвал эдгээж болох өвчнөөр нас барсан хүний тоог бууруулах юм. Дээрх судалгааг Монгол, Японы эрдэмтэд хийжээ. Манай улс жилд дунджаар 78-79 мянган шинэ хүнээр бүл нэмдэг бол 16-17 мянга нь энэ хорвоогоос буцдаг гэсэн статистик бий. Эдгээр нас барж буй хүний 5000-6000 нь аварч болох шалтгааны улмаас амиа алдсан байна.  

Энгийнээр хэлбэл, Монголд эмчлүүлсэн ч бие нь доройтсон нэгэн анагаах ухаан өндөр хөгжсөн оронд очоод хэдэн арван жил амьдарч буй жишээ бишгүй. Энэ нь манай улсын анагаах ухааны салбарын хөг­жил дорой, эмч, эмнэлгийн ажилтнуудын мэд­лэг, чадвар, сэтгэл, хариуцлага дутмаг, эрүүл мэндийн салбарын тогтолцоо тааруу, хөрөнгө төсөв бага, тоног төхөөрөмж хангалтгүйтэй шууд холбоотой. Нөгөө талаас эмч, эмнэлгийн ажилтнуудын анхаарал болгоомжгүй, хайнга байдлаас болж хэчнээн амийг хугацаанаас нь өмнө буцаасан бол. Үүнийг хэн ч хэлж чаддаггүй байсан бол дээрх судалгаа ил болгов.

Саяхан даа, “Өргөө амаржих” газарт түргэн тусламжийн машинаар хүргүүж очсон жирэмсэн эмэгтэйг эмч үзэхгүй буцааснаас тэр шөнөдөө бие нь муудаж, маргааш нь эх, үр хоёул эндсэн. Энд хариуцлага, эрүүл мэндийн тогтолцоог ярихгүй бол өөр хаана дуугарах вэ. Хүн хэзээ үхэхээ мэдэхгүй ч тэр хугацааг нь уртасгах эрхийг бурхан эмч нарт л олгосон. Тухайн үед эмч өнөөх эмэгтэйг эмнэлэгт яаралтай хэвтүүлсэн бол аварч болох байсныг үгүйсгэхгүй. Ширээ­ний ирмэг дээрх аягыг холдуулснаар хагара­хаас сэргийлж чаддаг шиг өвчтэй нэгнийг сайн эм, эмчилгээгээр амьдрах хугацааг нь уртасгаж болно. Тэр ч бүү хэл өөр нэгний эд эрхтэнээр өрөөлийг аварч байна. Амь тавих гэж байгаа нэгнийг амьдруулж байхад амьдрах хугацаа нь болоогүй заримыг нь өчүүхэн алдаанаас болоод нөгөө ертөнц рүү буцаагаад байж боломгүй. Аварч болох нас баралтын шалтгаанаар амиа ал­дагсдын цөөнгүй буюу 4955 нь (долоон жилийн хугацаанд) амаржихтай холбоотой ямар нэгэн өвчин, эмгэгээр энджээ. Өнгөрсөн тавдугаар сард нийслэлийн “Амгалан” амаржихад 19 нас­тай эмэгтэй хүүхдээ алдсан. Мөн л эмч нарын хариуцлагагүй, хайнга байдлаас болсон гэдэг. Хамаатан минь ходоодны шархтай гээд эм­чийн заавраар эм уусан юм. Гэвч удалгүй хав­дар болсон. Эмчилж чадахгүй байсан юм бол өөр эмнэлэг рүү явуулчихгүй дээ гэж бодо­хоор тэр эмчид үнэхээр гомддог. Нэгэнт өн­гөрсөн хүн босоод ирэх биш дээ” гэж нэгэн та­нил минь ярьсан нь тодхон санагдана. Саяхан хатгалгаагаа эмчлүүлж байсан охин уушгины дурангаар олон эмэнд дасалтай сүрьеэгийн халдвар авсныг сошиалаар мэдээлсэн. Ийм ха­риуцлагагүй байдал газар авсаар байна. Хариуц­сан ажилдаа эзэн болох, тэр дундаа хүний амьдрах, үхэхийг дэнслэгч эмч нарт алдах эрх баймгүй. Тэднийг алдах эрхгүй байлгахад эрүүл мэндийн тогтолцоог шинэчлэх зайлшгүй шаардлагатайг салбарынх нь хүмүүс хэлж буй. Ажлын өдөр 15.00 цагаас хойш хувийн эмнэлэг рүүгээ гүйдэг, амралт, баярын өдрүүдэд эмч нар олддоггүйг хэн хүнгүй л мэддэг. Хүн ам одоогийнхоос хэд дахин цөөн байхад барьсан улсын хэдхэн эмнэлэг ачааллаа даахгүй байгааг хаана хаанаа ойлгодог ч үүнд анхаарал хандуулдаг нь хэд билээ.

Эрхэм баян эрүүл мэнд гэдэг ч манай улсын эрүүл мэндийн салбар элгээрээ хэвтээд удаж буй. Эмч ажилтнууд нь цалингаа нэмэлт орлого шиг санаж, бусдын гар харж, атгуулсных нь хэрээр үйлчилдэг болсон. Энэ бүхний балгаар иргэд хохирсоор. Хавдартай хүнийг ч эмнэлгийн дараалал гүйцэгдэхгүй гээд хүлээж авахаас татгалздаг. Эмчид үзүү­лэх цагаа хүлээх зуураа нүд аньсан нь хэд бол. Түргэн тусламж хүлээх зуураа амьсгал хураа­сан нь хэчнээн бэ. Тэднийг бүгдийг нь биш юм гэхэд тодорхой хувийг нь аварч болох л байсан нь лавтай. Баяр, ёслол, амралт зугаалгын үеэр амиа алдсан хүний тоо эрс нэмэгддэг. Энэ ч бас эрүүл мэндийн салбарын хариуцлага суларч, эмч нар амардагтай холбоотой. Эмч нар амрах эрхгүй гэж хэлээгүйг энд онцолъё. Тэд бидний л адил махан биетэй. Гэхдээ зун ч гэсэн хүн өвддөг, энддэг гэдгийг сануулъя. Үүнд эрүүл мэндийн салбарын тогтолцоо, хяналт, уялдаа холбоо л туйлын чухал болохыг анагаахын салбарынхан нь хүлээн зөвшөөрдөг юм билээ. Нөгөө талаас аварч болох нас баралтын то­моохон шалтгаан нь орчин үеийн шинэ техник технологи хангалтгүй, байсан хэдийг нь зөв ажиллуулах мэргэжилтэн ховор, хэрэглээ бус, тавилга болсон тоног төхөөрөмж эмнэлгүүдээр л нэг “хөглөрч” байдаг. 

Бүлэн хайлуулах эмчилгээ Монголд нэвт­рээд хэдхэн жил болж буй. Энэ мэт шинэлэг эмчилгээ манай улсад эрт нэвтрээгүйн урш­гаар аварч болох өвчнөөр нас барагсдын цуваа нэмэгдсээр. Мөн сүрьеэгээр өвчлөгсдийг аврах боломж байтал хэдэн арваараа нас барж буй. Амьдралын түвшин буурай, ахуйн ариун цэврээ төдийлөн сахидаггүй монголчуудад энэ өвчин гэрлийн хурдаар тархах аюултай. Гэтэл сүрьеэ­гээр өвчилсөн нэг хүний эргэн тойронд хэчнээн хүн халдвар авсныг тандаж чадахгүй л байна. Үүнийг эрүүл мэндийн тогтолцооны гажуудал, хэнэггүй, санамсаргүй, мэдлэггүйн алдаа гэж болохыг мэргэжилтнүүд хэлж буй. 

Аварч болох нас баралтын шалтгааны талаарх судалгааг өөрийн фэйсбүүк хуудсаараа олон нийтэд ил болгосон доктор Ж.Амарсанаа эмчийн байр суурийг сонссон юм. Тэрбээр “Дэлхий ний­тээр эрүүл мэндийн салбарын тогтолцоо, түү­ний үр ашиг, тусламж үйлчилгээний чанарыг хэмждэг шинэ үзүүлэлтийг сүүлийн 20-иод жил эрэлхийлсэн. Тусламж, үйлчилгээ үзүүлсэн хүний хэд нь эдгэрсэн, нас барсан, энэ нь зайлшгүй тохиолдол байв уу, эсвэл тусламж, үйлчилгээний чанар, буруу менежменттэй хол­боотой юу гэдгийг ялгаж салгахын тулд аварч болох нас баралтын талаар Барууны орнууд 2000 оны эхээр судалжээ. Үүнээс өмнө аварч болох нас баралт гэсэн ойлголт байсангүй. Эмнэлгийн дотоод менежментийн болон эмч нарын хайн­га, хариуцлагагүй байдал, алдаа, мөн төсөв мөн­гөтэй холбоотойгоор хүн нас барж байна. Аварч болох байсан амийг аварч чадаагүй тоон мэ­дээллийг анх цөөхөн улс гаргаж, тооцоолсон ч сүүлийн жилүүдэд ихэнх орон ийм судалгаатай болсон. Манай улсын хоёр судлаач Японы эрдэмтэдтэй нийлж ийм судалгаа гаргасан нь бидэнд өгч буй хамгийн анхны дохио. Манай эрүүл мэндийн салбарын тогтолцоо буруу байгааг харуулж байна. Тиймээс юуны өмнө эдгээж болох өвчнөөр иргэдээ үхэлд хүргэхгүй байх нь чухал” гэлээ. 

Манай улс анагаах ухаан, эрүүл мэндийн тогтолцоо нь зөв явж буй улс орнуудаас хөгж­лөөрөө 3-4 дахин хоцорч байгааг ч тэрбээр он­цолсон. Нидерланд, Франц, ХБНГУ-д аварч болох нас баралтын шалтгаанаар амиа алдсан хүний тоо цөөн байдаг аж. Хөгжилтэй улсад 100 мянган хүн амд аварч болох нас баралтын шалтгаанаар хорвоог орхигсод 10 хувиас доош байдаг гэнэ. Улс орноо энэ түвшинд хүргэхийн төлөө Эрүүл мэндийн сайд болон салбарынхан, төр, засгийн удирдлагууд одооноос хийж эхлэхгүй бол оройтох нь. Долоон жилийн дотор 40 гаруй мянган иргэн аварч болох нас баралтын шалтгааны улмаас хорвоог орхисныг дахин са­нуулъя. Тэдний олонх нь цус харвалт, зүрхний цусан хангамж, томуу, хатгалгаа, сүрьеэ зэрэг өвчнөөр амиа алджээ. Эдгээрт онцгойлон ан­хаарал хандуулъя. Тэгэхгүй бол долоохон жилд бүхэл бүтэн нэг аймгийн хүн амтай тэнцэхүйц тооны иргэнээ алджээ, бид.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)