Аваргын дүртэй хааны хөшөө АШИГ ӨГӨХ ҮҮ


Хэнтий аймгийн Дадал суманд очиж үзсэн хүмүүс бүгд мэднэ. Байгалийн үзэсгэлэн төгс цогцолсон, ёстой л бурхан гэж байдаг бол түүний орон билээ. Онон, Балж урсаад л, домогт уулс нь сүндэрлэж, ханхайгаад л. Шилмүүсний үнэр сэнгэнэсэн нарсан ой дунд дүнзэн байшин голдуу сумын төв нь налайгаад л. Тэнд гурав хонох аваас баргийн ядаргаа тайлагдахаар. Ийм сайхан нутагт Мянганы хүн Чингис хаан маань мэндэлжээ. Түрүүчийн нийгэмд нэрийг нь дурдах бараг хориотой байлаа. Харин ардчиллын салхи сэвэлзэхтэй зэрэг алсын бодолтнууд Дадал сумын зүүн хойхно байдаг Дэлүүн болдогийг түүхэн эх сурвалжууд дахь мэдээллийг үндэслэн их хааны мэндэлсэн газар хэмээж, хөшөө чулуу босгож, тэнгэрийн тахилга үйлдсэн нь 1990 оны долдугаар сарын 20.

Нийгмийн бужигнааны эхний арав гаруй жилд Дадал сум оршин суугчдаа алдаж, хөдлөх техникгүй шахам болтлоо хоосорсон бол өдгөө уугуул иргэд нь буцаж очин, суугуул хүмүүс нь багтахаа байх шахаж байна. Тэнд газар маш үнэтэй. Нэг ам метрийг нь 50 сая гэж дуудах болжээ. Энэ юуг харуулж байна вэ гэхээр Дадал сум хөл хөдөлгөөнтэй, хол, ойрын хүмүүсийн сонирхлыг татах цэг болж буйнх биз ээ. Хязгаар нутагт амьдрал буцлах нь сум орон эзгүйдэх гэхгүй, хотыг чиглэсэн нүүдэл багасахад ч нөлөөтэй гээд нийгмийн ач холбогдол их.

Чухамхүү ийм нутагт “Чингис хаан” аялал жуулчлалын цогцолбор барих гэж хэсэг нөхөд зүтгэж байна. Олон нийтийн зарим нь дэмжиж, нэлээд хэсэг нь буруушааж буй. Зураг төслөөр нь бол Чингис хаан уу, хүмүүсийн хэлээд байгаа шиг их аварга Д.Дагвадорж уу гэж андуу хармаар төрхтэй, том гэгчийн цээж баримал байх аж. Дотроо үйлчилгээний гоё танхимтай. Үүнийгээ домогт Дэлүүн болдогийн урд талын Бага Яргайт уулын энгэрт барих юм гэнэ. Нийслэлийнхэнд бол Зайсан толгойг араас нь “хөрөөдөж” шоу цэнгээний цогцолбор барьсантай адил. Болно л доо. Гоё ч болох байх.

Гэхдээ Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалт гэж мэдээлээд буй, үнэн хэрэгтээ тодорхой хугацааны дараа буцааж төлөх хөнгөлөлттэй зээлээр барихаар төлөвлөж байгаа, гол нь 50 тэрбум төгрөг зарах ийм байгууламж монголчуудад хэрэгтэй юү, ашигтай юу гэдэг асуудал гарч ирж буй юм. Буцалтгүй тусламж байсан бол ч яах вэ. Дэлхийд байхгүй, олны ярьж байгаачлан сүмогийн их аваргатай төстэй төрхтэй Чингис хааны цээж барималтай үлдэнэ. Энд нэг учир жанцан байх шиг байна.

Аль нь ч бай, цогцолбор байгуулах хөрөнгө нь буцааж төлөх өр гэдэгт учир байгаа юм. Азийн хөгжлийн банк хөрөнгийг юу юугүй шийдээд өгчихөж байгаа юм бол, уг цогцолборыг санаачлагч, байгуулахын төлөө зүтгүүлж байгаа хүмүүс бүтээн байгуулалтыг ирэх онд яаран эхлүүлж таарна. Ирэх сонгуулиар сонгогчдод харуулж гоёх, сайрхах объект хэрэгтэй шүү дээ. Төлөвлөгөө ёсоор бол цогцолборыг дөрвөн жилийн дараа ашиглалтад оруулах ёстой. Энэ нь бас л сонгуулийн өмнөх жил. Өнөөх гоё юмныхаа тухай дахиад л сонгогчдод ярих нь тодорхой. Зээлийн хөрөнгөөс “цавчих” гэж нэг юм бий. Энэ ч бас үр ашиггүй байсан ч хамаагүй ямар нэгэн төсөл зүтгүүлэх монгол шалтгаан.

Цогцолборыг зээлийн хөрөнгөөр босголоо гэж бодъё. Тэд өрийг төлж чадахгүй бол хэн, хэзээ, хэрхэн барагдуулах вэ. “Уламжлал ёсоор” татвар төлөгчид л өгнө. Ийм нэгэн, ард түмний нэр барьсан төсөл, төлөвлөгөө дагасан өрийн ачаалал, дарамт мөдхөн хөдөлмөр эрхлэгчдийн нуруун дээр бууж ирэх нь бус уу.

Эдийн засгийн тооцоо хийсэн, гадаад, дотоодын жуулчид олноор очиж, мөдхөн хөрөнгө бүрдэнэ, түүгээр нь өр төлнө гэх л байх. Гэтэл аялал жуулчлалын салбарт болохоос нь болохгүйг нь хүртэл ажиллаж, алдаа оноог дэнсэлж чаддаг болсон мэргэжилтнүүд “Дэлхийд байгалийн аялал жуулчлал ноёрхож байгаа, Монголыг Чингис байна уу, Хубилай байна уу, аль хаанаар нь ч сонирхдоггүй, харин онгон дагшин байгальтай, өнөөг хүртэл нүүдэллэн амьдардаг гэдгээр нь харж, аялах гэдэг” хэмээн хэлсээр байна. Монголчуудын хэд нь нийслэлээс 600 км-т орших Дадал суманд Чингисийн цогцолбор үзэх гэж очих вэ, хүн амын хэд нь аялж жуулчлах насныхан бэ, хэд нь тэр хүрэх бензиний мөнгөтэй вэ, очоод төсөл ёсоор барьж байгуулах гоё цогцолборынх нь ресторанд үйлчлүүлэх үү, аль эсвэл хажууханд нь ямаа боож идэх үү гээд бодит амьдралтай уялдуулахад энэхүү цогцолбор нь үл гүйцэлдэх санааны цуглуулга гэхээр байгаа юм. Гадаадын санхүүгийн томоохон байгууллага мөнгө өгье гээд байгаа юм бол хэн нэгний сонгуульд зарах хөрөнгө болгох бус, Дэлүүн болдогийг одоо байгаа онгон чигээр нь менежмент, сурталчилгааны ухааны үндсэн дээр аялагчдын дурлах цэг болгох боломж байгааг аялал жуулчлалын салбарын туршлагатай менежерүүд хэлнэ. Гагцхүү тийм хүмүүст боломж олгох уу, үгүй юү гэдэгт учир бий.

Дадал сум “диваажингийн орон” ч, тэнд дэд бүтэц байдаггүй. Жуулчдыг аялуулах нь бүү хэл төрсөн газраа хөрвөөх гэж холоос очсон нутгийн уугуул хөгшид үертэй голд хаагдаж, сумын төвд хэд хоногоор сууж байгаад, чадалгүй буцаад ирдэг. Онон голыг ч, Балжийг ч гатлах арга байдаггүй. Балжийн голд бирвааз байх ч үе үе эвдэрдэг. Тус сум онгоцны буудалтай. Цагтаа “царцаа ногоон”, “АН-24” холхиж байсан. Одоо тэр буудал арай ч балгас болчихоогүй, тордвол ашиглаж болохоор түвшинд юм билээ. Өөд нь татахад багахан хэмжээний хөрөнгө шаардлагатай.

Тэгэхээр юуны өмнө том голуудыг гүүртэй болгож, онгоцны буудлыг ашиглалтад оруулан, нэг бус нисдэг тэрэг, болж өгвөл нисэх онгоцтой болгочихвол хүний хөл тасрахгүй, аялал жуулчлалын бүс болж мэднэ. Яагаад гэхээр тус суманд Монголын, Чингис хааны түүхтэй холбоотой дурсгалт газар маш олон. Тэдгээр дурсгалт газрын хооронд машинаар сажилж, гол усанд хаагдаж явснаас нисдэг тэргээр сүнгэнэн, ирж, очих аваас жинхнээсээ аялал болно. Наад зах нь хүүхдүүд нисдэг тэргээр аялах гээд аав, ээжийгээ зүгээр суулгахгүй шүү дээ.

Дадал суманд ямар ямар түүхэн, дурсгалт газрууд байдаг вэ. Их хаан буюу Тэмүүжин хөвгүүн 1162 он, усан морин жилийн зуны тэргүүн сарын 16-нд мэндэлсэн Дэлүүн болдог нь байна. Сумын зүүн хойхно хоёр км-ийн цаана, Хар тугийн овооны зүүн сугад домог ёсоор Тэмүүжинг мэндлэхэд биеийг нь угааж, амсуулсан, Өүлэн эх нь цай чанаж, хоол, ундаа бэлддэг байсан Хажуу булаг бий. 1962 оны тавдугаар сарын 31-нд Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд их хааны хөшөөг уран барималч Л.Махбалын заавар, удирдлагаар Дадал сумын Гурван нуурын дунд нуурынх нь хойд дэнжид босгосон 11 метр өндөр гэрэлт хөшөө байдаг. Их хааны “Алд бие мину алжааваас алжаатугай, ахуй төр мину бүү алдартугай” хэмээх мэргэн сургаалыг нь үүн дээр монгол бичгээр сийлсэн. Үзэх, харах, бахархах домогт газар үүгээр тогтохгүй. Гагцхүү эдгээрийн хооронд явах хэцүү. Уул нурааж, “Чингисийн цогцолбор” гээчийг барьж бас нэгэн байгууламж царцааж байснаас дэд бүтэц бүхий “амьд” харилцааны сүлжээ үүсгэж, аялал жуулчлал хөгжүүлсэн нь дээр бус уу.

Азийн хөгжлийн банк төр болоод Засгийн газар юу гэхийг л харна. Тиймээс оройтоогүй дээр ихээхэн хэмжээний хөрөнгө шингээх атлаа үр шим өгөх, эсэх нь тодорхойгүй, үүний зэрэгцээ мөнгө цавчиж сонгуульд зарна гэхээс алга нь загатнаж буй хүмүүсийн хүслийг хангах хэрэгцээ болох гэж буй төслийг татаж авбал яасан юм бэ. Жуулчдад болоод орон нутагт хэрэгтэй, үлдэцтэй, хэзээ ч царцаж хөлдөхгүйгээр нь дэд бүтэц бий болгож, онгоц, нисдэг тэрэг базаахад зориулсан санхүүжүүлт авбал дээр биш үү. Нисдэг тэргийг хөрөнгөтэй, хэрэгцээтэй хувь хүмүүс, Онцгой байдлынхан ч болов түрээсэлнэ шүү дээ. Тэр бол мөнгө. Түүнээс биш энүүхэнд буй Цонжин болдогийн Чингис хааны морьтой хөшөө бүхий цогцолборт очиж мөнгөөр үйлчилгээ авдаггүй хүмүүс Дадал очиж, мөнгө төлөх үү.

БНХАУ-ын Өвөрмонгол дахь Ордост буй Чингис хааны цогцолборыг жилдээ үздэг 10 сая жуулчин нь хятадууд өөрсдөө гэсэн тооцоо байдаг юм байна. Тус улс өдгөө 1.4 тэрбум орчим хүн амтай. Манайх хэд билээ. Ингээд бодоход аваргын дүртэй хааны хөшөө босоход хэн очиж үзэн, хэдэн төгрөг болж, 50 тэрбум бүрдэх вэ. Дээр хэлсэнчлэн цаг нь болоход зээлийг татвар төлөгчид төлөх байх, харин цогцолбор царцахгүй байж чадах уу.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)