Аваргаа хамгаалах тулаан хийхээр төлөвлөж байсан франц эмэгтэй боксчин бэлтгэлийнхээ үеэр нас баржээ

Францын шилдэг эмэгтэй боксчин, дэлхийн аварга цолоо хамгаалах тулаанаа хийхээр төлөвлөж байсан Анжелик Дучемин бэлтгэлийнхээ үеэр зүрхний хэм алдагдаж, нас барсан байна. 

Нас барах үедээ дөнгөж 26 настай байсан франц бүсгүй Дэлхийн боксын холбооны аваргын бүс эзэмшдэг байв. Тэрбээр даваа гаригт төрөлх нутагтаа бэлтгэлээ хийж байгаад зүрхний хэм алдагдсан гэх оноштойгоор ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд мягмар гаригийн өглөө нь бурхан болжээ. 

Орон нутгийн боксын холбооны тэргүүн Жаккис Ровира энэ талаар албан ёсоор мэдэгдсэн юм. Түүнийг нас барсан шалтгааныг тодруулахаар хууль хяналтынхан мөрдөж тодруулах аж. Дучемин 1991 оны зургадугаар сарын 26-нд төрсөн. Долоон настайгаасаа боксоор хичээллэж, 2012 оноос мэргэжлийн бокст хөл тавьжээ. Үүнээс хойш ялагдалгүй 14 тоглолтод хожсон юм. Түүний эцэг мөн боксчин байсан бөгөөд 2013 онд зүрхний шигдээсээр өөд болж байв. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)