А.Балдандорж: Туулийн тухай кино хийх санал Америкаас ирсэн

Монгол түмний аман өвийн хосгүй гайхамшиг туулийг 2009 онд ЮНЕСКО-гийн “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өв”-ийн жагсаалтад бүртгүүлсэн нь тууль хайлах уламжлал устахын босгонд тулж ирснийг илтгэсэн. Тэгвэл хүн төрөлхтний, үр хойчийнхоо өмнө ичгүүртэй байдалд орохгүйн тулд удам дамжин хичээж яваа нэгэн бол “Монгол тууль” ТББ-ын тэргүүн А.Балдандорж.

Монголын язгуур урлаг, утга зохиолын өвийг хамтад нь багтаасан энэ өвөрмөц өвийг тээгч, Төрийн шагналт, туульч агсан Б.Авирмэдийн хүү тэрбээр саяхан хийж бүтээснээрээ салбартаа тэргүүлсэн уран бүтээлчдэд Засгийн газраас олгодог урамшуулал, “Мөнгөн мод” цомыг хүртсэн юм. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Түрүүн та БСШУЯ дээр ажилтай байна гэсэн. Уншигчдад хүргэх мэдээлэл их биз?

-Миний аав, баруун Монголын алдарт туульч, Төрийн шагналт Б.Авирмэдийн мэндэлсний 80 жилийн ой энэ онд тохиож буй. БСШУЯ, Ховд аймгийн ЗДТГ болон “Монгол тууль” төрийн бус байгууллага хамтран энэ сарын 26-наас ирэх сарын 1 хүртэл туульчдын наадам зохион байгуулахаар болсон юм. Энэ хүрээнд аавын тухай эрдэм шинжилгээний бага хурал, Ховдын Дуут суманд хөшөөг нь босгох үйл ажиллагаа болно. Увс, Баян-Өлгий, Ховд, Нийслэлээс туульчид бүртгүүлсээр байна. Тувагаас оролцох мэдүүлэг ирсэн ч одоогоор тодорхойгүй.

-Та ес дэх үеийн туульч гэсэн үү?

-Миний аав Алтайн өндөр нуруунд мал маллаж өссөн. Түүний ээж Оролмаа алдарт туульч Жилхгэрийн охин. Тэрбээр аавынхаа хайлдаг туулийг мэддэг байсан ч урианхай ёсонд эмэгтэй хүн тууль хайлдаггүй учир үр хүүхдүүддээ үлгэр хэлбэрээр ойлгуулжээ. Аав 17 настайгаасаа Ширэндэв туульчид шавь орсон. Туулийн өв тасарсан үед аав ЮНЕСКО-д танилцуулж, 10 гаруй туулийг соронзон хальснаа бичүүлж үлдээсэн. “Би дэлхийд таниуллаа, том шагнал авлаа, нас болсон. Өвөг дээдсээс үлдээсэн өвийг устгаж болохгүй, дараагийн үедээ дамжуулах, Монголдоо дэлгэрүүлэх нь чиний ажил” гэж аав захисан.

-Засгийн газраас 200 орчим сая төгрөгийн төсөвтэй “Монгол тууль” хөтөлбөр хэрэгжүүлсэн нь хэр үр дүнтэй байсан бэ?

-Уржнангаас туульч бэлтгэх зорилгоор ном товхимол хэвлүүлж, найман хүнийг шавь сургалтад хамруулсан. Санхүүжилтгүйгээс дараачийн үйл ажиллагаа түр зогссон. Хэдэн мянган мөр шүлэг цээжилнэ гэдэг амаргүй. Туульч хүн тодорхой авьяастай, дотроо бодож буйгаа үгийн сайхнаар илэрхийлэх чадвартай байх хэрэгтэй. Таван хүүхэд сургалаа гэхэд зөвхөн нэг нь туульч болох үгүй нь эргэлзээтэй.

-Богд хааны ордон музейд өнгөрсөн онд Хаан туульсын өргөө байгуулсан. Үйл ажиллагааг нь танилцуулахгүй юу?

-Тууль гэж юу байдгийг түмэн олонд танилцуулж, өв соёлоо сэргээх зорилгоор БСШУЯ, Богд хааны ордон музей, манай ТББ хамтран өнгөрсөн оны есдүгээр сард энэ өргөөгөө байгуулсан. 2010 онд “Монгол туульчдын урын сан” улсын үзлэг болоход гарын хуруунд багтахаар цөөхөн хүн оролцсоны дунд хонон, өнжин хайлдаг нь ерөөсөө л аавын шавь Баатаржав бид хоёр байсан бол бусад нь таван цагаас хэтрээгүй. Хаан туульсын өргөөнд бид хоёр хайлдаг. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Алтайн магтаал хайлах ёс заншлыг танилцуулах үзүүлбэр тоглолт хийж, нэгдүгээр сард нь “Наранхүү хаан” нэртэй хөлгөн туульсыг 15.00-06.00 цаг хүртэл хайлсан. Сар шинийн битүүнд “Аргил цагаан өвгөн”-ийг хайлсан. Анхны үйл ажиллагааг 100 гаруй хүн ирж үзсэн бол энэ тоо тууль хайлах бүрт нэмэгдсэн. Олон түмний мартаад буй, нэн эртний энэ яруу найргаа дараагийн үедээ өвлүүлж мөнх наслуулахын тулд бидний зохион байгуулдаг үйл ажиллагаанд үзэгчид үнэ төлбөргүй оролцох боломжтой.

-Туулийг эртний яруу найраг гэдэг. Та яруу найраг бичихээр оролдож байв уу?

-Надаас их хол байх. Тууль хайлахад хөгжим, ая дан, хөгтэй учир онгод хөглөөд уран яруу үг цээжинд ордог. Харин үзэг бариад сууна гэхээр тийм үгс миний санаанд буухгүй болов уу.

-Туульч зөвхөн үйл явдлын дэс дарааллыг баримтлан хайлдаг, тухайн үедээ л шүлэглэдэг учир мөр бадгаар цээжилдэггүй гэж ойлгож болох уу?

-Буруу хазгай хэлэх насанд цөвтэй тул туульч болох хүн заавал мэргэжлийн хүнээр дэг сургуулийг нь заалгаж, үйл явдлын дараалал, үгийн холбоог тогтоох хэрэгтэй. Тухайн туулийн баатар гутал цамцныхаа алийг эхэлж өмсөх вэ гэдэг нь хүртэл дэгтэй.

-Орчин цагт тууль хайлуулах урилга, заллага хэр их ирдэг вэ?

-Тууль хайлах ёс, уламжлал ерөнхийдөө Увс, Баян-Өлгий, Ховдод хадгалагдаж хоцорсон. Эцэг өвгөдийнхөө ёс уламжлалыг сэргээж тууль хайлуулдаг айлууд баруун аймагт бий. Зун, намрын дэлгэр цаг, хаврын гурван сард хайлдаггүй тул өвлийн улиралд баруун аймагт ачаалалтай ажилладаг шүү. Үхэл, өвчин зовлонтой айлд “Довон хар бөх”, “Хан харангуй” зэрэг долоон хатуу тууль, үрийн хүслэнтэйд нь “Аргил цагаан өвгөн”, “Хүрэл мөнгөн дэвэн”, “Хүдэр алтан зул” гэх мэт зөөлнийг хайлдаг. Тухайн айл туулиа сонгоод туульчид хадаг барьж, товшуурыг нь эхлээд гэртээ залдаг. Түүний дараа өдөр, судар харж туульчийг авчирдаг.

-Хэр тааруу айлд тууль хайлах туульчид цөвтэй гэсэн үү?

-Тухайн туульчийн чадвартай нь холбоотой. Таваас дээш тууль бүтнээр нь хайлдаг хүнийг л туульч гэдэг. 5-7 тууль хайлж сурахад аяндаа хүч бүрэлдэж, ямар нэгэн муу нөлөөнд автагдахаа больдог гэж би ойлгодог.

-Тэнгэр дуугарснаас хойш болон өдөр тууль хайлдаггүйн учир, бэлгэдэл юу вэ. Уран сайхны хэлбэрээр өдөр хайлах нь зөв үү?

-Авгайгүй айл айл болдоггүй, Алтайгүй тууль тууль болдоггүй гэж зүйр үг бий. Тууль хайлахын өмнө Алтайгаа магтаж, лусын эзэн савдгийг дуудаж өргөөндөө суулгадаг. Дээд тэнгэрээс ямар нэгэн хүчин зүйл тухайн айлд ирдэг гэсэн үг. Газар дэвтэхэд бидний сав ертөнцөд муу зүйлс гарч ирж, өвөл хөрстэй хамт хөлддөг гэдэг. Ариун тэнгэрт ямар нэгэн саад тотгор, хорлол болгохгүйн тулд дулааны цагт хайлдаггүй уламжлалтай. Тууль бөө мөргөлтэй төстэй. Туульч Алтайгаа магтсан бол дуудлагыг буцааж хариулах болдог. Тэгэхээр тайзнаа хэдхэн мөр хайлахад өдөр, улирал хамаагүй.

-ӨМӨЗО-ы “Одон” телевизээр “Тууль хайлах цаг” нэвтрүүлэг цацдаг юм билээ. Туулийг олонд хүргэхийн тулд хэрхэх шаардлагатай вэ?

-Тууль гэж юу вэ, ямар учиртай өв соёл вэ гэдгийн тухай ном бичсэнээ өнөөдөр хэвлэлтэд шилжүүллээ. БСШУЯ-ны ивээн тэтгэлгээр энэ сарын 20-нд хэвлэгдэж, номын сан, сургуулиудад үнэ төлбөргүй тараана. 2014 онд UBS, Японы NHK телевизтэй хамтарч туулийн тухай, БНСУ-ын нэг сувагтай “Нуугдсан бурхны эрэлд” баримтат кино хийсэн. 62 цагийн гурван тууль бичүүлснээ Богд хааны ордон музейд хадгалуулсан. Есдүгээр сард тууль хайлах ёс заншлын тухай кино хамтарч хийх санал Америкийн сувгаас ирүүлээд байна. 2-8 жил хичээллэж буй 10 гаруй шавь надад бий. Туулийн өвийг дараагийнхаа үед дамжуулан өгөх нь хүн төрөлхтний өмнө бидний хүлээсэн үүрэг, хариуцлага гэж тэдэнд захидаг.

-Та хэдэн настайгаасаа тууль хайлж эхэлсэн бэ?

-Аавыгаа 10 настайгаасаа дагаж, тууль хайлахыг нь сонсож хонодог байлаа. 14-тэйгөөс тууль цээжинд орох болсон бол 16 настайдаа товшуур барьж сурсан. Манай өвөг Жилхгэр 30 орчим тууль, аав 20 гаруйг хайлдаг байсан бол би арай чамай 14-ийг мэднэ. Миний дараагийн үе 10 гэсээр тоо улам багасах вий. Би ааваасаа найман тууль сурсан. Сүүлд соронзон хальсанд бичүүлсэн таван туулийг нь сонсоход бичлэг нь муудаж, хоёр нь чанарын шаардлага хангалгүй, гурвыг нь таван жилийн хугацаанд сурлаа.

-Гадаадын эрдэмтний соронзон хальснаа хураасан тууль эх орондоо ирсэн тухай энэ онд мэдээлж байсан. Тэр туулийг хайлах уу?

-Баяд туульчийн хайлсан бичлэг юм билээ. Ирэх өвөл сэргээж, увсынханд түгээн дэлгэрүүлэхээр төлөвлөөд байна.

-Хуурамч бөө олширсон шиг туульч олон төрөх нь ямар нэгэн сөрөг нөлөөтэй юү?

-Нэг туулийг 24 хүртэл цаг хайлдаг. Тэгтэл хоёр цагаас илүү удаан хайлж чаддаггүй хүн өөрийгөө туульч гэж цоллон товшуур бариад явж байна. Тийм хүмүүс олон байх тусмаа ард түмэнд туулийг дэлгэрүүлэхэд тустай.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)