А.Амартайван: Г.Уянга хууль бусаар ТТЭН-ын дарга болсон

УИХ-ын гишүүн Г.Уянга "Тусгаар тогтнол эв нэгдэл" эвслийн даргын албан тушаалыг хууль бусаар авсан тухай тус намын Удирдах зөвлөлийн гишүүн А.Амартайван тэргүүтэй гишүүд мэдээлэл хийлээ.

ТТЭН эвслийн Удирдах зөвлөлийн гишүүн А.Амартайван: "Тусгаар тогтнол эв нэгдэл нам нь 2015 оны дөрөвдүгээр сард байгуулагдаж, Улсын дээд шүүхээс 2015 оны тавдугаар сарын 29-нд гэрчилгээгээ авч албан ёсоор бүртгүүлсэн. Тус оны зургаадугаар сард ТТЭН-ын гишүүд хурал хийж намын даргаар Ц.Баянбилэгийг томилж, Ерөнхий нарийн бичгийн даргаар Ц.Баттөр, Удирдах зөвлөлийн даргаар Ж.Баянжаргалыг сонгосон юм.

Мөн өнгөрсөн оны 11 дүгээр сарын 7-нд намын ээлжит бус их хурал болж Ц.Баянбилэг өөрийн албан тушаалаа Ц.Баттөрд шилжүүлсэн боловч Улсын дээд шүүхээр батлуулаагүй билээ. Тиймээс Ц.Баттөр манай намын албан ёсны дарга биш байсан юм. Тийм байхад энэ оны дөрөвдүгээр сард УИХ-ын гишүүн Г.Уянгад Ц.Баттөр албан тушаалаа өгсөн нь намын дүрэм журмыг зөрчсөн үйлдэл болсон.  Иймд УИХ-ын гишүүн Г.Уянгыг тус намын дарга гэж үзэх үндэслэлгүй хэмээн үзэж байгаа. Учир нь дөрөвдүгээр сард болсон намын их хурал оролцсон хүмүүсийн дийлэнх нь намын гишүүд биш байсан бөгөөд хурлаас гаргасан шийдвэр тогтоол дээрх гарын үсгүүдийг Г.Уянга, П.Болд, Х.Батсуурт, Б.Бундхорол зэрэг хүмүүс хуурамчаар үйлдэж Улсын дээд шүүхээр баталгаажуулсан байж болзошгүй. Түүнчлэн Г.Уянга хууль бусаар авсан намдаа багаа бүрдүүлж хуучин гишүүдийг уландаа гишгэж, зөвхөн өөрийн гишүүдээ УИХ-ын сонгуульд оролцуулахаар улайрч байгаад харамсаж байна. Тиймээс ТТЭН-ын хуучин гишүүд нийлж Улсын дээд шүүх, Сонгуулийн Ерөнхий хороо, Тагнуулын ерөнхий газарт гомдол гаргахаар боллоо" гэв.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)