Аав ирлээ, гоё доо

Олимпын аварга болох мөрөөдөлтэй олон хүүхэд спортоор хичээллэж, хөлсөө дуслуулж яваа. Тэд бүгдээрээ олимпын аварга болохгүй, цөөхөн нь амжилтад хүрч, зарим нь багш, дасгалжуулагч, спортын зүтгэлтэн, үлдсэн нь маш сайн үзэгч, сонирхогч болж үлдэнэ. Манай сурвалжилгын баатар аль нь ч байж мэднэ. Өрсөлдөөн дундаас үнэхээр авьяас чадвар, хүч чадалтай нь л тодорч гарна. Спортод үнэн сэтгэлээсээ дурлан хичээллэж буй мянга мянган хүүхдийн төлөөлөл болсон Мөнхбатын Пүрэвтунгалаг охин, түүгээр дамжуулаад XXI зууны Монголын хөдөөд хүүхдүүд хэрхэн өсөж торнин, сурч хүмүүжиж буй, тэдний хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэл ямархан байгааг харуулахаар “Медальд хүрэх зам” реалити сурвалжилгаа эхлүүлээд байна. Гол баатар маань Баянхонгор аймгийн “Эрдэм” ахлах сургуулийн 12а ангид сурдаг бөгөөд чөлөөт бөхөөр хичээллэдэг. Цуврал сурвалжилгынхаа хоёр дахийг таалан болгооно уу.

Пүрэвтунгалаг охин хичээлээсээ ирээд охин дүүгийнхээ хувцас хунарыг өмсүүлэн хичээлд нь үдэж, гал түлж, ус авах зэргээр гэрийн ажилд тусалж байтал бэлтгэлдээ явах цаг нь болов. Хөхтолгойн шил (аймгийн хойд зах) дэх С.Мөнхбатынхаас аймгийн төвийн зүүн урд хэсэг дэх бэлтгэлийн байр хүртэл 4-5 км зайтай аж. Пүрэвтунгалаг ганцаараа явахаараа 15-20 минутын дотор гүйгээд оччихдог гэнэ. Энэ удаа бид түүнтэй хамт гүйж чадахгүй болохоор 16.00 цаг гэхэд бэлтгэлийн байранд очсон байхын тулд 15.30 цагт гэрээс нь гарав.

Нутгийнхны “Ягаан заал” гэж нэрлэдэг, нэгэн үе эзэнгүй орхигдох дөхөөд байсан хуучны байранд чөлөөт, жүдо бөхийн секц хичээллэдэг аж. Биднийг очиход хүүхдүүд эхнээсээ ирчихсэн, багачууд нь хувцас солих өрөө, дэвжээгээ цэвэрлэж байв. Хог шүүрдэх зэргийн хөнгөн цэвэрлэгээг дүү нар хийх бөгөөд угааж арчих ажил ихтэй их цэвэрлэгээнд бүгдээрээ оролцдог гэнэ.

Хүүхдүүд бэлтгэлийн танхимаа цэвэрлэж, хувцсаа сольж дуусаж байтал багш нь орж ирлээ. Шүгэл тасхийхэд энд тэнд хоёр, гурваараа ноцолдон тоглож байсан эрэгтэй, эмэгтэй, том, жижиг нийлсэн арав гаруй хүүхэд тал талаас гүйлдэн ирж, хоромхон зуурт өндөр намаараа жагсан, багшдаа ёслоод бэлтгэлээ эхлүүлэв.

Хүүхдүүдийг биеэ халааж байх хооронд багштай цөөн хором ярилцлаа. Түүнийг С.Мөнхдуулдах гэдэг бөгөөд Өвөрхангай аймгийн уугуул тэрбээр ХААИС-ийн хуваариа орхиод “Шонхор” биеийн тамирын дээд сургуульд элсэж, багш, дасгалжуулагчийн мэргэжил эзэмшжээ. 2010 онд сургуулиа төгссөн С.Мөнхдуулдах дараа жил нь Баянхонгор аймгийн чөлөөт бөхийн секцэнд дасгалжуулагчаар ажиллахаар ирсэн байна.

Тэрбээр “Баянхонгор аймаг нэг хэсэг чөлөөт бөхийн секцгүй байсан учраас улс, олон улсын тэмцээнд амжилт гаргалгүй нэлээд хэдэн жил болсон юм билээ. Манай секцний хүүхдүүд 2012 онд анх удаагаа өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, 2013 оноос хойш улсын аварга шалгаруулах тэмцээнээс жил бүр алтан медаль хүртсэн.

2016 онд 20 жингээс 12 медаль “бөөндсөн”. Багийн дүнгээр эмэгтэй баг хоёр жил дараалан түрүүлж, эрэгтэй баг хоёр жил хүрэл медаль авсан. А зэрэглэлийн олон улсын тэмцээнүүдээс гэвэл, Азийн аваргаас нэг алт, гурван мөнгө, гурван хүрэл, Азийн хүүхдийн их наадмаас нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл, өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг хүрэл медаль хүртээд байна.

Манай 13-14 настай охид залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс медаль авчихдаг, насанд хүрэгчдийн тэмцээнд ороод медалийн төлөө үзчихдэг байсан учраас 2015 оноос насанд хүрэгчид, залуучууд, өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд насны ангилал заагаад эхэлсэн юм шүү дээ.

Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 13-14 настай охидоо оруулахад техникийн зөвлөгөөн дээр ийм яриа гарч, дараа нь залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс хассан. Хүүхдүүд маань өмнөх жил нь залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс медаль авчихсан байсан.

Манайд сайхан бөх болохоор хэдэн хүүхэд бий. Энэ хэдийгээ амьтны нүд, хэл амнаас нууж байгаад гайгүй тамирчин болгочих санаатай. Би хүүхдүүддээ болон эцэг, эхэд нь “Чимээгүй байж бай. Амжилтад хүрэхээр аяндаа болно” гэдэг юм. Энд чөлөөт бөхийн секц байдгийг ч хүмүүс мэддэггүй. Жүдогийнхон олимп, дэлхийд амжилт гаргаад байгаа болохоор хүүхдээ жүдогийн секцэнд оруулах гэж л ирдэг” гэв.

Ийн ярьж суутал хүүхдүүд бие халаалтын дасгалаа хийж дуусаад, мэхээ давтах боллоо. Дэвжээн дээр хүүхдүүд хоёр, хоёроороо өрж, багшийн заасан мэхийг хийн, энд тэндгүй нэгнээ пид пид хийтэл шидэж эхлэв. Үүрч шидэх, хөлд нь орох, өчих мэхийг хэд хэдэн хувилбараар давтах хүүхдүүд хамаг л хурд, хүчээ шавхаж байх шиг харагдсан. Гэвч энэ нь багшид хангалтгүй санагдах аж. Дээс барин дэвжээний голоор алхах тэрбээр байсхийгээд л “Энэ болохгүй, тэр буруу, ингэж бэлтгэл хийснээс гэртээ хэвтэж байсан нь дээр” гэх мэтээр ширүүлэх юм. Нэг удаа Пүрэвтунгалагийн хөл рүү өшиглөөд авч байгаа харагдсан.

Гол баатрын маань ангийн багш Д.Бүрэнтогтох “М.Пүрэвтунгалагтай тулж харилцахад тун шартай нь анзаарагддаг” гэсэн. Тэр шар нь бэлтгэлийн үеэр илрэх аж. Жин, чац аль аль нь илүү хүүхдүүдтэй охин ана мана үзэж, багшийн заасныг номоор нь хийхийн тулд их л хичээж байв.

Бэлтгэл дуусахад 20.00 цаг болж байлаа. Дөрвөн цагийн турш тасралтгүй хурд, хүч, мэхний дасгал хийсэн хүүхдүүдийн өмссөн хувцас хөлсөндөө шалба норжээ. Бэлтгэлийн байранд халуун ус, шүршүүр байхгүй тул хүүхдүүд хөлсөө арчиж хатаагаад хувцсаа сольж өмсдөг аж. Тэд “Шүршүүр ч яамай, бэлтгэл хийх байртай байгаа нь их юм” гэцгээж байв.

Хүүхдүүдийг хувцсаа сольж байхад “Ягаан заал”-ны жижүүр Даваасүрэн хэмээх эмэгтэй ирж “Ханиндаа, болгоомжтой явцгаагаарай. Өнөөдөр Бууцагаан суманд замын машин хоёр хүүхэд хулгайлахыг завдсан гэж байна шүү. Хүн дуудвал битгий очоорой” хэмээн захив. Замын-Үүдэд найман настай охин алга болоод сар гаруйн хугацаа өнгөрсөн ч сураг гарахгүй байгаа нь баянхонгорчуудыг айдас хүйдэст автуулсан бололтой. Энэ явдалтай холбоотойгоор эцэг, эхчүүд хүүхдүүдээ сэрэмжлүүлэх зорилгоор ч юм уу, элдэв яриа гаргаж, тэр нь нэмэр, хачиртайгаар түгсээр цуурхал таран, улам ч түгшүүр төрүүлж байгаа аж.

Биднийг гарахад аль хэдийнэ түнэр харанхуй нөмөрсөн байв. Шинэдийн саран хараахан шингээгүй ч хавирган сарны туниа муутай гэрэл орчлонг гийгүүлж чадахгүй тэрүүхэн тэндээ ёлтойх аж. Хүүхдүүд ийм харанхуйд зүг нийлэхээрээ ханьсан, гэр рүүгээ дөхөөд салцгаадаг гэнэ.

Харин энэ удаа С.Мөнхдуулдах багш машиндаа багтахаар нь чихэн дөхүүлж өгөхөөр болж, баярласан хүүхдүүд жижиг тэргэнд 6-7-уулаа суугаад хөдөллөө. Бид Пүрэвтунгалагийн гэрт нэлээд дөхөж буусан ч цаашаа нэг км орчим алхах хэрэгтэй болов. Гурван бүсийн нутаг Баянхонгор аймгийн төвийн хөрс тун элсэрхэг. Хаврын улиралд нүүр нүдгүй элсээр шуурч, амаа ангайх төдийд шүдэнд элс зажлагддаг, шөлтэй хоолны ёроолд тунаж үлддэг нарийн ширхэгт элсээ “говийн нэмэгдэл” хэмээн дотночилдгоороо алдартай билээ. Мөнхбатынх Хөхтолгой уулын шилд байдаг тухай өмнө нь дурдсан. Харанхуй шөнө өгсүүр замаар явахад их элс гутлын улнаас чангаах шиг санагдаад амаргүй байлаа. Харин энэ замаар Пүрэвтунгалаг орой бүр явдаг.

Замдаа Пүрэвтунгалагаас “Танай багш их ширүүн юм аа” гэхэд “Өнөөдөр та нарыг ирсэн болохоор харин ч гайгүй байлаа. Түүнээс биш биднийг эрэгтэй, эмэгтэй гэж ялгахгүй шүү дээ. Багшийн минь хэлсэн үг бүр нь бидний төлөө байдаг болохоор загнуулах нь гоё байдаг юм. Тэр бидний төлөө л энд ажилладаг. Сард 300 мянган төгрөгийн цалин авдаг байснаа саяхнаас 500 мянгыг авдаг болсон байх. Эднийх хоёр хүүтэй. Цалин нь бага болохоор зун барилга дээр ажилладаг” гээд багшдаа хир халдаасангүй.

Гадаа тас харанхуй ч ханиндаа болохоор айж, эмээх зүйлгүй алхсаар ирэхэд чанасан махны үнэр хамар цоргиж, царанд овоолсон мах уур савсуулсаар угтав. Өвлийн идшиндээ явсан гэрийн эзэн иржээ. Аавдаа үнсүүлээд, энгэрт нь толгойгоо наан нялхамсахаас нь харвал Пүрэвтунгалаг багагүй эрх нэгэн аж.

Хол явсан аав ирэхэд гэр дүүрч, баяр хөөрөөр дүүрдэг билээ. Мөнхбатынх ч энэ орой тийм байв. Өвлийн идэшнийхээ амтыг үзэж, дээжийг нь хүртэхээр тойрч суухдаа тэд хэд хоногийнхоо сонин хачинг дор бүртээ дэлгэв.

Энэ зун Баянхонгор аймагт улаан ган болсон тул хангай, говьгүй малын тарга хүч тааруу, харгана, бутнаас өөр малын хамар хатгах идэшгүй, зуд болж тун магадгүй гэж үзсэн учраас малаа Архангай аймгийн нутаг руу оторт явуулжээ. Гэтэл архангайнхан “Аймгийн Засаг дарга өөр аймгийн малчдыг хөө гэсэн” гээд баахан зовоосон гэнэ. Өвөлжилт хүндэрсэн аймгийн малчдыг хөөж, хажиглахгүй байхыг Засгийн газраас сануулсан учраас саяхнаас сэтгэл амар сууж болохоор болсон тухай гэрийн эзэн хуучлав.

Ямартай ч мал нь өвстэй газар өвөлжихөөр болсонд гэрийн эзэгтэйн сэтгэл ч уужрав бололтой. С.Мөнхбат моринд хорхойтой, овоо хэдэн адуутай гэнэ. Тэрбээр “Уралддаг азарга боохойд уруулчихсан байхаар нь хашаандаа авчраад тэжээж байтал цас орсон шөнө гүйгээд явчихсан юм сан. Адуундаа очоо болов уу. Хэд хоногоос Галуут явж харъя, байз” хэмээн ганц уул давсан тухай ярьж байгаа мэт хэнэггүйхэн өгүүлэв.

Далай, тэнгис гаталж, аймаг, сум алгасан эх нутаг руугаа тэмүүлсэн монгол морины тухай бишгүй л уншиж, сонсож байсан ч 100-гаад км-ийн цаадах нутаг руугаа гүйсэн азарганы тухай ийм хэнэггүй ярихыг сонсоод гайхахын хажуугаар “Монгол эр хүн монгол морио мэддэгийнх биз” хэмээн бодож суулаа.

Ийнхүү явсан, үлдсэн хүмүүс сонин сайхнаа хуваалцаж, хуучилсаар оройн зоог өндөрлөв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)