“Аав аа, маргааш АРХИ УУЛГҮЙ ИРЭЭРЭЙ”


Аав нь согтуу ирсэн өдөр ээжийнх нь сэтгэл тавгүйрхэж, үр хүүхдүүддээ уураа гаргаснаар тухайн айл бүхэлдээ айдаст автдаг. Тэр тусмаа хүүхдүүд хамгийн их хохирч, бяцхан зүрх нь сэмэрч байдаг. Тэднийхээ ирээдүйг архинаас арилжих эрх бидний хэнбугайд нь ч байхгүй.

“...Аав минь таныг согтуу ирэх бүрт

Амь болсон сэтгэл минь дотуураа нурдаг

Айлын хүүхдүүдээс ичиж, холуурхан өнгөрөхдөө

Амьдралаас заримдаа уйдмаар санагддаг

Марал нүдэн охин чинь мөргөж гуйя

Маргааш орой эрүүл ирээрэй...” хэмээн бичсэн бяцхан охины шүлэг нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Наркологийн эмнэлгийн хананд өлгөөтэй бий. Архинд орж, үр хүүхдийнхээ нулимсыг “уусан” аав нарт хаягласан нь мэдээж.

50 ортой тус эмнэлэг өвөл, зунгүй хүнээр дүүрч, жилдээ 1900-2100 хүнд үйлчилж байна. Энэ бол зөвхөн хэвтэн эмчлүүлэгчдийн тоо. “Салгалж” ирээд, архины хордлогоо тайлуулчихаад буцдаг хүмүүсийг нэмбэл 2500 хол давна.

Монголчуудыг архинд донтох өвчинд хэрхэн хэмлүүлж буйг эндээс харж болохоор. Ийм байхад төр, засаг архинд донтсон, түүнээс хараат амьдрах болсон иргэдээ мартжээ. 1963 онд цэцэрлэгийн зориулалтаар барьсан, хоёр давхар байшинг нь шинэчлэх хөрөнгийг 2019 оны төсөвт тусгасангүй.

Мэргэжлийн хяналтынхны акталсан умгар байранд эмч, сувилагч нар нь харин ч сэтгэлээрээ ажилласаар өдий хүрлээ. Барилгын зураг төслийг гаргуулаад, таван жил хөөцөлдсөн ч тусыг эс олжээ. Эмнэлгүүдийн байрыг өргөтгөж, шинэчлэхэд жил бүр мөнгө төсөвлөдөг ч ганцхан Наркологийн эмнэлэг л “гээгддэг” гэж дарга нь гомдонгуй хэлнэ лээ.


Магадгүй ард түмэн нь мансуурсан, мангар байх тусмаа эрх баригчдад ашигтай ч байж мэдэх юм гэсэн хатуу үгийг иргэд амнаасаа зүгээр ч “унагаагүй” биз.

Нийслэлийн сая гаруй хүнд тохиолдож болох донтох эмгэгийг анагаах ганц эмнэлэг нь улсаас жилд 300 сая төгрөг авдаг. Дарга нарт нөхцөл байдлаа уламжлахаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд оччихоод эднийхээр шагайдаг ч үгүй аж. 36 ажилтантай, одоогийн ачааллаар хүний нөөц нь 50 хувь дутагдалтай байгааг тэндхийн эмч нар хэлсэн.

Нийгэмд архинд донтох өвчин ихсэж, нас нь залуужин, статистикт охид, эмэгтэйчүүдийн эзлэх хувь дээш цойлжээ. Тиймээс тус эмнэлэг эмчилгээний арга барилаа өөрчлөх, гадаадын үр дүнтэй туршлагуудыг нэвтрүүлэхэд сүүлийн жилүүдэд анхаарчээ.

Дэлхийн олон оронд ашигладаг эмчилгээний нэгэн арга нэвтрүүлсэнтэй нь холбогдуулан өнгөрсөн лхагва гарагт тус эмнэлэгт очсон юм. Донтох эмгэгийн үндсэн эмчилгээ нь бүлгийн сэтгэл засал байдаг бөгөөд энэ аргыг амжилтад хүргэсэн хүмүүсийг эмнэлэгтээ урьсан юм билээ.

Архинаас үүдэлтэй дотрын өвчнийг 40 жил судалсан доктор тус эмнэлэгт 21 хоног сургалт явуулжээ. Бор дарсанд толгойгоо мэдүүлбэл дотрын 60 гаруй өвчний “уурхай” болдгийг судалгаагаар нэгэнт тогтоосон. Тиймээс сэтгэл засал, бие махбодынх нь талаас ч тэр цогц эмчилгээ хийж байж энэ өвчинтэй тэмцэх гэнэ.

Германы сэтгэлзүйчийн 21 хоногийн хөтөлбөрт үндэслэн, монгол хүний сэтгэхүйн онцлогт тохируулсан “4Т хөтөлбөр” боловсруулснаа тэд дуулгав. Эмнэлгийн дарга Д.Ганбат “2018 онд бүлгийн сэтгэл заслын хоёр эмчилгээ нэвтрүүлсэн. Тодруулбал, 21 хоног тусгай орчинд байлгаж, 24 цагаар үйлчилгээ үзүүлдэг цогц арга юм.

Зөвхөн өвчтөн гэлтгүй гэр бүл, хүүхдүүдийг нь хамруулдгаараа онцлогтой. Өмнө нь нэг өвчтөнд ганц, хоёрхон эмч сэтгэл заслын эмчилгээ хийдэг байлаа. Одоо бол эмнэлэг даяар өргөн хүрээгээр давшина. Архи уудаг хүмүүсийн гэр бүл, хүүхдүүд сэтгэл гутралд маш их өртдөг.


Тиймээс ар гэрийнхэнд нь архи уух нь өвчин гэдгийг ойлгуулан, хүүхдүүдийг хамгаалж, холуур байлгахад анхаарна. Орны хүрэлцээ, эмч ажилтнуудын ачаалал зэргийг харгалзан, сэтгэл заслын дээрх эмчилгээнд жилд 150 орчим хүн хамруулна гэж тооцсон. Манайд архинд хордсон, байнгын уудаг хүмүүсийн эмчилгээ нь тусдаа бий.

Өвчтөнүүдэд сонголт хийх боломж олгох үүднээс бүлгийн сэтгэл заслын эмчилгээний багц гаргасан. Дэлхий нийтэд энэ эмчилгээ нь өндөр үр дүнтэй, эдгэрэх магадлал 80-90 хувь байдаг. 21 хоногт бясалгал, иог давхар хийнэ. Мөн хордлого тайлах, элэг хамгаалах эм уулгах зэргээр дотрын эмчилгээ түлхүү явуулна” гэж ярилаа.

Хэвтэгсдийн 20 хувь нь эмэгтэйчүүд, хоёр тасаг дүүргэх болсонд эмч нар санаа чилээж буйгаа хэлэв. Нөгөөтээгүүр ид хөдөлмөрлөх, нөхөн үржихүйн насны залуус олонх нь байлаа. Эмч нарын хэлснээр, монгол хүмүүст архи зохидоггүй.

Биологийн хувьд ийм төрлийн гашуун ундааг задлах үүдэл эс төрөлхийн бага, орос, европчуудынхаас 4-5 дахин муу байдаг аж. Тиймээс согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний дараа хэвийн бус согтолт илэрдэг гэнэ. Мөн бид сэтгэл зүйн хувьд дотогшоо хүмүүс тул донтох өвчин үүсгэх эрсдэлийг улам нэмэгдүүлдэг байна.

Архи уух нь стрессээс зугтах үйлдэл гэдгийг анагаах ухаанд тэмдэглэжээ. Харин удмын болон генийн өвчин биш. Цөөн тохиолдолд эцэг, эхээс шалтгаалан хүүхдүүд буруу дадалтай болдог. Төр, засгаас энэ олон баяр, зугаа цэнгэлийг цөөлөх бодлого баримтлахгүй бол ард иргэд чинь хар усанд живэх нь.

Стандартаар 2000 хүн тутамд архины цэг нэг байх ёстой атал Улаанбаатарт 365 хүнд нэг ногдох жишээтэй. Үйлдвэр, цэгүүдийн тоог цөөрүүлэхгүйгээр архичидтай мянга тэмцээд нэмэргүй. Архи, согтууруулах ундааны сурталчилгаа ийм нээлттэй байхад үр дүнд хүрэх нь юу л бол гэж мэргэжилтнүүд толгой сэгсэрч байна лээ.

Архины архаг болон хурц хордлогоор нас барагсдын тоо жил ирэх тусам олширчээ. Жилд дунджаар 400-500 хүн гашуун ундаанаас болж хорвоог орхидог нь харамсалтай. Тиймээс нэн тэргүүнд архаг болон хурц хордлогын үеийн эмчилгээний удирдамжийг шинэчлэх, архинаас үүдэлтэй дотрын өвчнүүдийн стандарт боловсруулах, сургалтын өрөөнүүдтэй болох зайлшгүй шаардлагатай гэнэ.

Наркологийн эмнэлгийнхний судалж, анзаарснаар хэт эрхлүүлж өсгөсөн хүүхдүүд, аав, ээж нь архи уудаг болон цайлган цагаан, хүнд тусархуу, авьяастай, хар санаагүй, юманд амархан уруу татагддаг, сэтгэлийн хатгүй хүмүүс архинд донтох нь элбэг байдаг аж. Нөгөөтээгүүр, хүмүүс бор дарс хүртдэг болоод 2-3-хан жилийн дотор донтох өвчтэй болж буй гэнэ.

Өмнө нь 7-10 жил уусан хүний тархинд архи уух дон дөнгөж үүсдэг байж. Үүнийг сүүлийн үед үйлдвэрлэж буй согтууруулах ундааны чанартай холбон тайлбарлав. “Хүнсний дэлгүүр, баар, цэнгээний газруудад худалдаж буй архи, задгай шар айрганд янз бүрийн өдөөгч бий гэх таамаг байна. Тэдгээрийн найрлагад судалгаа хийх цаг нэгэнт болжээ.

Архи бол химийн бодис. Энэ нь хортой байвал химийн зэвсэг болж хувирна. Маш олон өвчний шалтгаан болж буй нь үүнийг гэрчлэх биз ээ. Тархины харвалт, зүрхний шигдээс, залгиур, ходоод, элэг, нойр булчирхайн хавдартай болж байна. Мөн гэр бүл салах, хүчирхийлэл, гэмт хэрэг, авто ослын дийлэнх хувийг согтуугаар үйлдсэн байдаг.

Төр төвхнүүлэгчид энэ салбарыг ингэж хөсөр хаяж болохгүй. Тоо баримт ярьж, цоллодог хэрнээ хуруугаа ч хөдөлгөхгүй байгаад гайхдаг. Согтууруулах ундаа борлуулдаг цэгүүдийн зураглалыг гаргаж, архины хяналтын тухай хуультай болох хэрэгтэй. Манай эмнэлгийн хойно гэхэд л 10 гаруй дэлгүүрт архи зарж байна.

Замын хойно нь “угжаад”, урд талд нь бид мянга зүтгээд нэмэргүй. Барилга байшин муу гээд гараа хумхиад суугаагүй. Гуравхан ам метр өрөөнд хоёр эмч бөөрөө нийлүүлж суугаад хүмүүсээ эмчилж байна” гэж Д.Ганбат хэлсэн.

ДЭМБ-ын 2018 оны гуравдугаар сард танилцуулсан судалгаанд согтууруулах ундааг их, бага хэмжээгээр хүртсэн ч эрүүл мэндэд хортой гэжээ. Тиймээс гишүүн орнууддаа энэ төрлийн хэрэглээг тэглэхийг зөвлөв. Манайхан орой унтахдаа 100 гр улаан дарс, 50 гр цагаан архи хүртвэл сайн гэдэг “дэглэм” үгүй болсон гэсэн үг. Элэг 30 гр архийг задлах гэж өдөржин ажилладаг байна. Тиймээс огт уухгүй байх нь танд л тустай.

Та хамт олны арга хэмжээ, найз нөхдийн төрсөн өдөр, тэмдэглэлт ой гээд баяр цэнгэл алгасахгүй “тууж” явдаг юм биш биз. Ийм хэмнэлтэй хүмүүс сорил тавиулахад гэмгүй гэнэ шүү. Тест бөглөөд хэрэглээний түвшингээ тодорхойлуулах боломжтой аж.

Ингэснээр согтох хэлбэрүүд өөрчлөгдөж байна уу, тархины эд, эс үхэж үү, донтох эмгэгийн хэддүгээр шатанд явна вэ гэдгээ мэднэ. Өвчин эхэлж байгаа үед эмчид хандвал нэг удаагийн уулзалтаар л анагаадаг байна. Гэтэл донтох эмгэгтэй хүмүүсийн олонх нь хожуу шатандаа буюу эмчлэхэд хүндрэлтэй үедээ ханддаг гэнэ. Урт хугацаанд эмчлүүлдэг ч төдийлөн үр дүнд хүрч чаддаггүй байна.

Донтох эмгэгийн нэгдүгээр шатанд архи уух хүсэл үл ялиг төрдөг бол хоёрдугаар шатанд хүчлэгдсэн эмгэг дур (анагаахын хэллэгээр) бий болж, адаг сүүлд нь донгийн байдалд шилждэг аж. Өөрөөр хэлбэл, амьдралынх нь ганц зорилго ердөө л архи уух.

Хувь хүний унаган занг эвддэг, ажил, амьдралын зорилгогүй, худал хуурмагийн “үүр” болгодог энэ хар усны гайгаар олон хүн хохирч байна. Тиймээс тойрон хүрээлэх хүмүүстээ хязгаар тогтоож, бусдад уруу татагдахгүй, бор дарснаас аль болох холуур байхыг эмч нар зөвлөлөө.

Сайн ч, муу ч хүний эцэг, эх болсон хойно үр хүүхдэдээ буй бүхэн нь. Таныг гэсэн хайрын харцанд нь согтуу бүү үзэгдээрэй. “Аав аа” гээд гүйгээд ирэхэд нь архи ханхлуулж бүү шийтгээрэй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)