ААВЫН ЭЗГҮЙД: Гурван улсаас хийсэн гэр бүлийн цахим хурал

Олон улсын энхийг дэмжих ажиллагаанд Монголын Зэвсэгт хүчнээс давхардсан тоогоор 13 мянга орчим цэргийн алба хаагч оролцсон бөгөөд манайхны нэр хүнд, байр суурь жилээс жилд өсөн нэмэгдэж буй. Сав л хийвэл мөргөлдөөн, байлдаандаа тулчих гээд байдаг үймээн самуунтай харь газарт энхийг сахиулж буй ахлагч, офицеруудын ар гэрийнхэн ямархуу байдалтай аж төрдгийг харуулахаар “Өнөөдөр” сонин Монголд анх удаа “Аавын эзгүйд” нэртэй сонины реалити сурвалжилга эхлүүлсэн билээ. Цуврал сурвалжилгынхаа 13 дахийг хүргэж байна.

2017.07.18-ны мягмар гариг. “Өнөөдөр дүүтэйгээ хамт Онцгой байдлын ерөнхий газарт очиж, гэр бүлийнхээ зүгээс 500.000 төгрөгийн хандив өргөлөө. Одоогоос 10 жилийн өмнө Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан ой хээрийн түймрийг унтраах гэж яваад амь үрэгдсэн баатарлаг эрсийн дунд аавын минь хайрт ах байсан юм. Түймрээс болж эх орон минь битгий хохироосой, хайртай хөвгүүдээ дахиж бүү алдаасай, хүн бүр хариуцлагатай байж түймэр гарахаас сэргийлж байгаасай, эх орноо, байгаль дэлхийгээ хайрлаасай” хэмээн хүндийг өргөлтийн ОУХМ М.Анхцэцэг нүүр номдоо жиргэсэн өдрийн оройхон хэрд Нисэхэд байрлах гэрийг нь зорилоо. Гэвч Анхаагийн хувьд баасан гаригт (өнөөдөр) Непалыг зорьж, Хүндийг өргөлтийн залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох гэж буй тул бэлтгэлээсээ хараахан ирээгүй байв. Тэрбээр өнгөрсөн жилийн оюутны ДАШТ-д оролцохдоо гараа гэмтээснээс хойш анх удаа томоохон тэмцээнд хүчээ сорих гэж байгаа учраас ийн хичээх нь дамжиггүй. М.Оюу-Эрдэнэ, М.Эрдэнэбат хоёр харин гадаа байрныхаа найзуудтай тоглож байлаа.

ЭГЧ НАР НЬ БЭЛТГЭЛЭЭС БУУЖ, ЭРДЭНЭБАТЫН “НАР НЬ ГАРЧЭЭ” 

Тавдугаар сарын сүүлчээр М.Номин-Эрдэнэ эгчийг нь Солонгост эмчилгээнд явуулах зардлыг олох хандивын аяны үеэр хамгийн сүүлд Оюукатай уулзсанаас хойш хоёр сар шахам хугацаа хэдийнэ өнгөрчээ. Сонины логотой машин байрны зогсоол руу орохыг харангуутаа тосон гүйж ирээд, “Аниа, сайн уу” хэмээн энгэр налан хацраа өгөх элгэмсүү хөөрхөн М.Оюу-Эрдэнэ. Өдгөө 13-тай гэхэд итгэмээргүй дэнхгэр том биетэй ч хүүхэд зангаа тавиагүй охин эрхгүй хайр татам. Эгч нар нь ирээд, гэртээ хамтдаа байцгааж байгаа учраас М.Эрдэнэбат ч дуу шуу орчихсон, ёстой л нар нь гарч байгаа бололтой юм.

-Сонин сайхан юу байна даа. Уулын бэлтгэлд хэд хоног гараад бууж ирэв ээ?

-Би 20 шахам хоног уулын бэлтгэлд гараад буусан. Анхаа аниа уржигдар л бууж ирсэн.

-М.Эрдэнэбат дүү нь та хоёрыг их санасан байна уу. Эмээгийндээ байхдаа гэрийнхнээ нэлээд үгүйлж байх шиг санагдсан?

-Их санасан байна лээ. Намайг Төр хурахаас хот руу ирж явах замд хэдэн удаа залгасан гээч. Байн байн “Аниа, одоо яг хаана явна” гээд л...

-Одоо гэр лүү чинь орцгоох уу? 

-За аниа, найзуудтайгаа хоёрхон удаа “төмсдчихөөд” оръё тэгэх үү. “Бүүбүү! (Эрдэнэбатыг гэрийнхэн нь ийн өхөөрдөн дууддаг) гэртээ ороод, Төгсөө аниагаа буузаа жигнэж бай гээд хэлээдхээч.

“НОМИО АНИАГ ТҮЛЭГДСЭНЭЭС ХОЙШ МАНАЙ СУРГУУЛЬ БАНТАН ӨГӨХӨӨ БОЛЬСОН”

Авга эгчийнх нь охин О.Төгс-Эрдэнийн жигнэж буй бууз болох дөхөж байгаа сургаар манай хоёр гэр лүүгээ зүглэв. Цахилгаан шатанд оронгуутаа Эрдэнээ хүү саравчтай малгайгаа шуртхийн авснаа “Аниа хар аа, би ийм толгойтой болчихсон ш дээ” гэх нь тэр. Хүүгийн толгой нар оймоор гялаан болжээ. Өчигдөр гэнэт шийдээд, авга ахаараа хусуулсан гэнэ. Наадмаар хэрхэн баярласныг нь түүнээс асуухад “Эмээгийнд бид хуушуур хийж идээд, гол руу явцгааж, орой нь Зайсан толгойд гарсан” хэмээн хуучлав.

Оюукаг гэртээ хэсэгхэн зуур байх хооронд гадаах найзууд нь байн байн дуудаад байсан тул тэр “Би удахгүй ороод ирнэ ээ. 21.00 цагт аав, ээж, Номио аниа бид хэд гэр бүлийн групп чатаар зэрэг холбогдох ёстой” гээд гарч одлоо. Энэ хооронд төрөлжсөн сургалттай Биеийн тамирын дунд сургуулийн долдугаар ангийн сурагч Төгсөөтэй хэсэг хөөрөлдөв. Авга эгч нарыгаа дуурайн, хүндийг өргөлтийн спортоор хичээллэдэг тэрбээр “Номио аниаг түлэгдсэнээс хойш манай сургууль бантан өгөхөө больсон. Бас жижүүр сурагчдаар хоол зөөлгөхдөө багш заавал хамт явдаг болсон” хэмээн сонирхуулав. 20 литрийн савтай халуун бантан ганцаараа зөөж яваад хальтирч унан түлэгдсэн Номиогийн ослоос тус сургуулийнхан гашуун сургамж авсан нь болж дээ.

БҮҮБҮҮГИЙН ҮСНИЙ ТУХАЙ ГЭР БҮЛИЙН ХУРЛААР “ХЭЛЭЛЦЭВ”

Гэр бүлийн “цахим хурал” товлосон цагтаа эхэллээ. Хурлыг Афганистанд энхийг сахиулж буй Ч.Мөнхжанцан дэд хурандаа даргалан, Солонгосын “Ханган сү” эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа М.Номин-Эрдэнэ, ээж Д.Мөнхчимэгийнхээ хамт тэргүүлэх байр суурьтай оролцож, Оюука, Эрдэнээ хоёр болон авга ах, эмээ дөрөв илтгэх, мэдээлэл өгөх үүрэгтэй байлцав.

Ч.Мөнхжанцан: -Манай хоёр юу хийж байна даа. Дүү нь хаана байна вэ. Дүүдээ утсаа өг дөө?

М.Оюу-Эрдэнэ: -Эрдэнээ энд зурагт үзэж байна. Манайд сэтгүүлч эгч, зурагчин ах хоёр ирчихсэн байгаа шүү.

Д.Мөнхчимэг: -Дүүгийнхээ үсийг яагаад мулзан болтол нь авчихав аа. Зунжин шахуу зүгээр байснаа хичээл орох дөхөхөөр хусчихдаг нь яаж байгаа юм бэ.

Авга ах: -Хэхэ. Өөрөө хусуулъя гээд байсан юм аа.

Ч.Мөнхжанцан: -Одоо өнгөрсөөн. Намар харин хичээл эхлэхээс өмнө дүүгийнхээ үсийг гурван таллаж засуулаарай.

М.Оюу-Эрдэнэ: Бүүбүүгийн үсийг агаа яг хусаж эхэлтэл машин нь халаад явахгүй байсан тул оройн хэсгийг нь үлдээгээд, өнөө өглөө гүйцээж авсан ш дээ (хэхэ).

М.Номин-Эрдэнэ: Тийм үү. Ямар инээдтэй харагдаж байсан бол оо.

М.Эрдэнэбат: -Зүгээр ээ, аниа (хэхэ).

Д.Мөнхчимэг: -Дөрвөөс дээш хүн орохоор сүлжээ гацаад эхэллээ. Би түр интернэтээс гаръя даа.

Ч.Мөнхжанцан: -Хөгшин нь гаръя аа.

М.Эрдэнэбат: -Би фэйсбүүкээс гарах уу?

Д.Мөнхчимэг: -Яалаа гэж. Миний хүү хамгийн гол хүн нь шүү дээ. Чамайг харах гэж л бид ингэж сууна.

Авга ах: -Эмээ одоо та нартай ярья гэж байна шүү.

Ч.Мөнхжанцан: -Сайн уу, ээж ээ. Бие хаа нь дажгүй биз дээ. Энэ халуунд даралт чинь ихсээгүй биз?

Эмээ: -Би гайгүй ээ, хүү минь. Та гурав хамт байгаа юм уу?

Д.Мөнхчимэг: -Үгүй ээ, ээж. Интернэтээр бид нэгэн зэрэг холбогдож байгаа юм аа. Та нар цөм сайн биз дээ?

М.Эрдэнэбат: -Эмээ, наад доод талын жижиг дэлгэц рүүгээ хараад яриарай.

Эмээ: -Аан за.

М.Номин-Эрдэнэ: -Эмээ, бие нь сайн уу. Та бас л буруу тийшээ хараад байна даа... Ийнхүү ярилцаж байтал Оюукагийн утасны цэнэг дуусах нь тэр. Энэ нь ч манай хүнд гадаа тоглох сайхан далим болов бололтой, утсаа цэнэглэж орхиод гарахаар яарлаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)