Аавыгаа санасан үедээ уншиж тайтгарах шүлгүүд

Наймдугаар сарын найман. Энэ бол олон улсын аавуудын өдөр. Яагаад ч юм аавуудад зориулсан шүлэг цөөхөн басхүү оройтож бичигддэг ч юм шиг. Их хотын тэнгэр доор бороо намиран зүсэрсэн намрын өдрүүдэд  аавуудаа санан, дурсаж зүсэрсэн шүлгүүд унших нь сэтгэлд дулаан биз ээ. Тиймээс бид дараах яруу найрагчдын шүлгийг онцлож байна. 
А.Эрдэнэ-очир

ДОРНОГОВЬ РУУ ГАЛТ ТЭРЭГ ХӨДЛӨХӨД...
Дорноговь руу галт тэрэг хөдлөхөд аав минь бодогддог
Догдолж суугаад очиход байхгүй дээ гэж санахаас нулимс гардаг
Хайр харамсал, гомдол цөхрөлөө дотогшоо залгилж
Халааснаасаа янжуур гарган асаагаад ажил руугаа би алхдаг
Хүзүүний ороолт шанхны үсийг салхины мэдэлд өгөөд
Хөлхөх олны урсгал сөрөн уйтгарын завь сэлүүрдэхэд
Богд уулын зүүн сугаар галт тэрэг
Бодлыг минь тээгээд махирлан тахирлаж оддог
Шар навчис хөлөөр хөглөрч, цасны будан татахад
Шаналгаа зовлонгоо би бусадтай хуваалцмаар санагддаг
Гэргийтэйгээ орчлонгийн жамыг ярилцан үүр цайлгамаар байдаг
Гэмгүйхэн тоглох хүүдээ өвөөг нь яриад уйлмаар болдог
Дорноговь руу галт тэрэг хөдлөхөд...

Э.Бүжинлхам

Цас орж байна ээж ээ,
Хоёулаа аавын тухай ярих уу?
Цантай цонхон цаана
Инээмсэглээд л зогсож байгаа юм шиг
Санагдаад байна,

Өөрийнх нь тухай дурсан ярихыг
Хүлээгээд л байгаа юм шиг
Өрөвгөр жаалхан болжморуудыг
Өвөртөө дулаацуулах
Өвгөн модны дүрээр
Ширтээд байгаа юм шиг
Санагдаад байна!

Ээж ээ, та битгий уйл л даа
Эсвэл хоёулаа өөр зүйл ярих уу?
Уйтгар гэдэг хуучрах тучмаа
Улам л гунигтай болдог юм байна
Тийм ээ? Ээж ээ! 
Сэтгэл гэдэг яг л газар шиг
Хавар бүхэн л
Ханзардаг юм байна
Тийм үү! Ээж ээ?

Ээж ээ, тээр хацар дээр чинь
Нулимс бөмбөрөөд зогсохгүй нь
Ингээд л би тандаа шүлэг бичиж
Зүрхэлдэггүй юм шүү дээ!
Урагдаж байж л бичдэг
Энэ хэдхээн мөрийг үлдээхийн төлөө
Ургуулж өсгөсөн ижийгээ
Уйлуулчихдаг би мөн азгүй хүн ээ!

Ээж ээ, ээж ээ!
Хайр гэдэг нь энэ юм уу ээж ээ!
Халуун, давстай, усан зүйл байдаг юм уу?
Аавыг, алиахан гурван үрээ та уйлж хайрласан болохоор
Амт нь эсвэл надад ингэж санагдаад байгаа юм уу?
Ээж ээ!

Ээж ээ, цас ороод л байна!
Цаашаа таны тухай шүлэг бичье гэвч
Та уйлна гэхээр даанч надад
Хэтэрхий их гунигтай байна!

О. Элбэгтөгс

Ааваа
Энд аврал алга бүгд эзгүй
Энд мөнхийн тамаас өөр юу ч алга
Энд хоосон байшин эзгүйрсэн сүмүүд
Энд хоорондоо ямарч зайгүй шахцалдан орших үсгүүд
Өөр юу ч алга. өөрчлөгдөх зүйлгүй төгс ертөнцийн хуулиар бол
Өнөөдөр бидний бурханы шүүхэд дуудах юм гэнэ. хэн ч очихгүй
Байгаа нь энд халуун нарнаас хоргодоод
Байшингийнхаа сүүдэрт муурыг зүхэн хэвтээ
Хүмүүс байхгүй учир энд олон янзын шувууд
Хүссэнээрээ жиргэх наран мандахыг өөрийнхөөрөө дуулж байна
Хүмүүс эзгүй учир энд тогтсон хэлбэрүүд нисэлдэж
Хэзээ ч төсөөлөмгүй олон янзын өнгүүд найралдан сууж байна
Агшин зуурын ийм нэг үзэгдлийг зүүдэндээ ч гэсэн хармаар
Ай...ийм тансаг төгсгөлийг ертөнцөд бэлэглэх юмсан.
Ааваа
Аавааа
           Ааваааа         



Д. Эрдэнэзулай


Бага нас
I.
Дэлгээтэй цонх минь торон хаалттай
Дэнгийн эрвээхийд тэнд үдэш бүр цуглаад
Эрээнтэй бараантай ч, хайраар дүүрэн бидний амьдралыг
Эргэлдэн, нисэн бууж үзэж өнждөг
Өнчнийг хайрлах тухай аавын ярьсан үлгэр
Өдөржин бидний бодлоос гардаггүй, тэгээд
Ээжээс нууцаар үүдээ цэлийтэл дэлгэж
Өнчин эрвээхийнүүдийг гэртээ урьж оруулаад
Шөнөжин тэдний сүр сархийн нисэн буухыг чагнаж
Сүүдрээрээ ханан дээр эрвээхий зурж тоглодог.

II.
Цонхон дор минь хаягдмал өвснүүд ургах дуртай
Ээж болоод эгч нар минь тэднийг өрөвдөж уйламтгай
Аав харин уйланхай хүмүүст дургүй
Тэгээд, хаягдмал өвснүүдийг бүгдийг нь хядаж
Сүнсийг нь тэнгэрт нисгэхээр
Гал өрддөг
Шатаж буй өвсний гал солонгорон асахуйд
Шараас өөр өнгө үзээгүй надад хачин гое байдаг!

III.
Цонх минь цантах дуртай
Цангийн хээнүүдэд би дуртай
Том байшинг минь дулаахан байлгадаг зуухны өмнө
Сонин урж тамхиа баагиулаад аав минь суудаг

Тамхины утаа, алаг эрээн үсгүүдийг уугиулаад
Амьдралын тухай аавын яриатай төгс зохицдог
Шарласан тааз ширтэж, дулаан хөнжилдөө шигдээд бид
Ээжийн чанасан аарцыг уудаг
Аарцнаас сайхан амттай байхдаа амьдрал гэж
Алдрайхан дүү минь биднийг хөгжөөдөг!

IV.
Хагархай цонхоор минь шороо чигжиж
Хажуугийн байшинг далдлам улайран шуурахад
Ээж аавын царай нэг л баргар
Эвдэрхий шалаа зүлгээд бид чимээ аниргүй
Гадаа гагцхүү, дээвэр цонх хэмхчин балбаж элс шуурна
Гарч тоглохыг минь хүлээн модон гулсуур гансарна
Эгч ах бидэн долоо эгнэн суугаад зуныг хүлээнэ
Эрвээхий зурж тоглохыг тэсэн ядан хүлээнэ.

Тө.Бямбасүрэн


Өсгөсөн аавдаа...

Шуурганаар гэртээ ирсэн эцэг минь
Хувцсаа нимгэлээд л
Нимгэлэх тусмаа жижигрээд л...
Гэрээсээ яваад би их л удсан юм шиг
Гэнэт л тэгээд ухаан суусан юм шиг
Уйлмаар болно
Нулимсаа ч залгиж сураагүйдээ шанална
Улам цээж гашуурна
Нуугдаж уйлахад багтах зай гэрт минь
үгүй санагдана.
Намрын эхний шуурганаар малаасаа ирсэн
эцэг минь
Надад зөндөө олон санаа алдалт авч ирээд л...
Эндээ үүрд үлдмээр байна гэж
Ээжийнхээ нүдэнд хэлэхэд
бүхнийг ойлгосон нулимстай...

А.Сарандагина


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)